Завхан аймагт үерт өртсөн иргэдэд хохирлын үнэлгээ хийгдэж байна

Завхан аймагт үерт өртсөн иргэдэд хохирлын үнэлгээ хийгдэж байна

Завхан аймаг, Улиастай сумын Жинст, Жаргалант, Чигэстэй багийн нутагт түр зуурын бороо орсны улмаас олон тооны айл өрхүүд үерт автсан юм. Үерийн эрсдэлийг бууруулахаар тус аймгийн Онцгой комисс, сумын Мэргэжлийн ангийнхан, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Цагдаагийн газрын нийт 150 алба хаагч, 27 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Одоогийн байдлаар Жинст багийн 15 айлыг өндөрлөг газар буюу Цагаан хаалганы бетонон хашаанд нүүлгэн шилжүүлжээ.

Нийт 25 хүний амь насыг авран хамгаалсан бөгөөд сэтэрсэн замыг засварлах, ус зайлуулах байгууламжийн хог, лаг шаврыг цэвэрлэж тунасан усыг зайлуулах, шороон далан босгох зэрэг арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлсэн байна.

Урьдчилсан байдлаар Жинст багт 51 өрх, 203 хүн, Жаргалант багт 12 өрхийн 41 хүн, Өлзийт багт 53 өрхийн 109 хүн, нийт 136 өрхийн 416 хүн өртсөн.

Жаргалант баг 0,04 км 2, Жинст баг 0,15 км 2, Өлзийт баг 0,21 км2, нийт 0,4 км2 буюу 40 га талбай үерт өртсөн байна. Үерийн нөхцөл байдлын талаар Завхан аймгийн ОБЕГ-аас тодруулахад, "Алба хаагчид 1500 м2 талбай, 154 автомашин, 20 мотоциклийг ариутгал халдваргүйжүүлэлт хийж, хуримтлагдсан лаг шаврыг зөөвөрлөж байна. Түүнчлэн үерт өртөж эвдэрсэн замыг засварлах, хүчитгэх ажлыг зохион байгуулж, хохирлын үнэлгээ хийх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, лаг шаврыг цэвэрлэх ажил үргэлжилж байна" гэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд