Гадаадад ажиллаж амьдарч буй иргэд маргаашнаас эхлэн  дөрвөн өдөр саналаа өгнө

Гадаадад ажиллаж амьдарч буй иргэд маргаашнаас эхлэн дөрвөн өдөр саналаа өгнө

УИХ-ын ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс энэ оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-нд санал авахаар тогтоосон юм.  

Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг төв болон салбар комисс зохион байгуулдаг. Сонгуулийн ерөнхий хороо гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан төв комиссыг, төв комисс нь салбар комиссыг Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс өмнө төв комиссыг байгуулна. Төв комисс тавдугаар сарын 6-ны өдрөөс өмнө салбар комиссыг Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулах юм.

Гадаад улсад байгаа иргэн санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө буюу энэ оны зургаадугаар сарын 15-аас өмнө сонгуульд оролцохоо өөрийн оршин байгаа улсын Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэх ёстой. Улмаар санал авахаар товлосон өдрийн 7-22 цагийн хооронд салбар комиссын тогтоосон санал авах байранд саналаа өгнө.

Үндэсний статистикийн хорооны тоон мэдээллээр, энэ оны байдлаар дэлхийн 172 улсад 141 мянга гаруй монгол иргэн оршин сууж байгаа аж. Манай улс УИХ-ын 2012 оны сонгуулиас эхлэн гадаад улсад суугаа иргэдийнхээ саналыг авч буй. Тухайлбал, УИХ-ын 2012 оны сонгуульд 39 салбар комисст 4276 сонгогчийн нэр бүртгэгдсэнээс 65 хувь нь саналаа өгчээ. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар 45 салбар комисст 7400 шахам сонгогч бүртгүүлснээс 75.3 хувийн ирцтэйгээр саналаа өгсөн байна. 

 

 

 


Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд