Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнгээр 126 гишүүнтэй парламентыг бүрдүүлнэ. Ингэхдээ 78 гишүүнийг мажоритар тогтолцоогоор тойргоос, 48 гишүүнийг пропорциональ тогтолцоогоор намын жагсаалтаас сонгох юм. Ийнхүү холимог тогтолцоогоор сонгууль явуулж буйтай холбоотойгоор гадаадад амьдардаг монгол иргэдийн сонгуульд оролцох эрхийг хангаж санал авахаар болсон билээ. Гадаадад байгаа иргэд 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх юм.
Тэгвэл гадаадад байгаа иргэдийн саналыг өнөөдрөөс авч эхэллээ. Хилийн чанадад ажиллаж буй Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд 47 салбар комисс байгуулан иргэдийн саналыг авч буй. Санал хураалтыг дөрөв хоног буюу энэ сарын 20, 21, 22, 23-нд явуулна.
Энэ удаагийн сонгуульд гадаадад амьдарч байгаа нийт 13095 хүн саналаа өгөхөөр бүртгүүлсэн. Тэдний хамгийн их нь буюу БНСУ-д амьдарч байгаа 2656 хүн Сөүлд санал өгөхөөр байна. Мөн Австралийн холбооны улсын Канберра хотод 1282, Японы Токио хотод 1177 хүн санал өгөхөөр бүртгүүлжээ. Харин хамгийн бага нь БНХАУ-ын Манжуурт 11, Арабын бүгд найрамдах Египет улсын Каирт 12, Кувейт улсын Эль Кувейт хотод 12 хүн санал өгөхөөр бүртгүүлсэн байна.
Харин хүйсийн хувьд нийт санал өгөхөөр бүртгүүлсэн хүмүүсийн 5339 нь эрэгтэй, 7756 нь эмэгтэй байна. Насны хувьд,
- 18-19 насны 687
- 20-24 насны 2415
- 25-29 насны 2190
- 30-34 насны 2080
- 35-39 насны 1921
- 40-44 насны 1172
- 45-49 насны 934
- 50-54 насны 672
- 55-59 насны 457
- 60-64 насны 329
- 65-69 насны 134
- 70 ба түүнээс дээш насны 104 хүн байна.
18-19 насны сонгогчийн төлөөлөл М.Энхцэлмэг Японы Осока хотоос СЕХ-нд сэтгэгдлээ ирүүлжээ. Тэрбээр "Би 18 настай. Анх удаа сонгуульд саналаа өгч байна. Япон Улсын Осака хотын ахлах сургуульд суралцдаг. Өглөө босоод дээлээ өмсөөд гарсан чинь Монголдоо явж байгаа юм шиг санагдсан. Сонгууль анх удаа өгөхөд маш сайхан санагдлаа. Өглөө Төрийн дууллаа сонсоод анхны сонгогч болсондоо маш их баярлаж байна. Үеийнхэндээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна" гэсэн байна.