ХЭҮК: Сонгогчдын регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллийг авч буй нь хууль бус үйлдэл

ХЭҮК: Сонгогчдын регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллийг авч буй нь хууль бус үйлдэл

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос (ХЭҮК) маргааш болох УИХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбогдуулан гарч болзошгүй хүний эрхийн зөрчлийн талаар мэдэгдэл хийлээ.

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр цагдаагийн байгууллагад нийт 2569 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл ирсэн.

Үүнээс 182 нь гэмт хэргийн шинжтэй:

  • Бэлэн мөнгө эд зүйл тараасан 27

  • Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан 63

  • Самбар алдсан 47

  • Сурталчилгааны материалыг санаатайгаар устгах, бохирдуулах 2

  • Хуульд зааснаас өөрөөр сонгуулийн сурталчилгаа явуулсан 17 гэх мэт

Харин үлдсэн 2387 нь зөрчлийн шинжтэй. Үүнээс 42 орчим хувь нь Сонгуулийн тухай хуулийг зөрчжээ.

Иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг, холбоо барих мэдээллийг цуглуулах, хууль бусаар ашиглах явдал ихээр гарч байна. Энэ нь хүний эрхийг зөрчсөн, хууль бус үйлдэл юм.

Мөн регистрийн дугаарыг ашиглаад хэнд санал өгснийг мэднэ гэж сонгогчдод хэлж байна. Хэнд санал өгснийг тань хувийн мэдээллээр хайж, мэдэх боломжгүй.

Улмаар ХЭҮК-ээс сонгуулийн үеэр гарч болзошгүй зөрчлийн эсрэг дараах зөвлөмжүүдийг өглөө.

  1. Нэр дэвшигчдийг заавал багаар нь сонгох ёстой гэсэн ятгалгад автахгүй байх

  2. Улс төрийн нам эвсэл, нэр дэвшигчид үзэн ядалт, хүчирхийлэлд уриалахгүй байх

  3. Бусдын нэр төр, алдар хүндийг гутаах зорилготой худал мэдээлэл тараахгүй байх

  4. Эмэгтэй улс төрчдийг харлуулахад чиглэсэн мэдээлэл түгээхийг хориглох, хүйсийн хувьд гутаан доромжлохгүй, хүндэтгэлтэй хандах

  5. Иргэдийг санал өгүүлэх зорилгоор санал авах байр луу зөөвөрлөхгүй байх

  6. Нэр дэвшигч өөрөө болон бусдаар дамжуулан сонгогчдод мөнгө үнэт зүйл тараах, амлах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үнээр үзүүлэх, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, ажлын байранд зуучлах, ажилд оруулах

  7. Хиймэл оюун, олон нийтийн сүлжээ ашиглан үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэл бүхий контент түгээхгүй байх, үүнд технологи хөгжүүлэгч хүн, хуулийн этгээд оролцохгүй байх

  8. Ухуулах байр, сонгуулийн сурталчилгааны материал, хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, баривчлагдсан, цагдан хоригдсон хүнд тохиромжтойгоор бэлтгэх, мэдээллийн хүртээмжийг хангасан байх

  9. Төгсөлтийн баяр, ургийн уулзалт зохион байгуулах нэрээр сонгогчдод нөлөөлөх, санал авах зорилгоор архи, согтууруулах ундааг хэтрүүлэхгүй байх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах

 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд