Улс орон даяар санал хураалт эхэллээ

Улс орон даяар санал хураалт эхэллээ

Ес дэх удаагийн парламентыг байгуулах түүхэн өдөр өнөөдөр /2024.06.28/ тохиож,  санал хураах ажиллагаа орон даяар 07.00 цагт эхэллээ. УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар 126 гишүүнтэй УИХ-ыг байгуулахаар болсон.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 40 гаруй бие даагч нийтдээ 1341 нэр дэвшигч өрсөлдсөн.  Тэднээс 78 нь тойргоос, 48 нь намын жагсаалтаар УИХ-д сонгогдоно.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд холимог тогтолцоог “суулгасан” нь сонгогчдын санал гээгдэхгүй, мөн олон намын төлөөллийг багтаасан парламент бүрдэх ач холбогдолтой гэж үзсэн юм.

Монгол Улсын нийт 3.5 сая иргэнийг төлөөлөн УИХ-д суух гишүүд нь улсаа 2028 он хүртэл хөгжүүлэх бодлого зангидах учиртай. Сонгогч бүр сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгч байж бүгдийн эрх ашгийг хангасан төлөөлөл УИХ-д сонгогдоно.

УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар УИХ-ын сонгуулиар 95 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

УИХ-д 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл олонхи болохоор заагаад буй.

Мөн шинээр бүрдсэн УИХ-ын анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч товлоно. Анхдугаар чуулганы хуралдааныг УИХ-ын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон хамгийн ахмад гишүүн даргална.

УИХ-д улс төрийн нам, эвслээс 12 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол бүлэг байгуулна.

Мөн Байнгын хороо  19 гишүүнтэй байсныг 25 гишүүнтэй, УИХ-ын гишүүн гурваас илүүгүй байнгын хороонд ажилладаг байсан бол 2-оос илүүгүй байнгын хороонд харьяалагдаж ажиллана.

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд яаманд нь харьяалагддаг байнгын хороонд орж ажиллахгүй, зөвхөн нэг байнгын хороонд ажиллана. Нэг байнгын хороонд Засгийн газраас хоёроос илүү гишүүн ажиллуулахгүй байхаар зааж өгсөн.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд улсын хэмжээнд нийт 2.224.233 иргэн саналаа өгнө. Нийт сонгогчдын 1.143.172 нь орон нутагт, 1.081.061 нь нийслэлийн сонгогчид юм.

1992 оноос эхэлсэн УИХ-ын сонгуульд саналаа өгсөн сонгогчдын ирцийг сонирхуулбал, 1992 онд нийт сонгогчдын 95.6 хувь, 1996 онд 92.1 хувь, 2000 онд 82.4 хувь, 2004 онд 81.8 хувь, 2008 онд 76.5 хувь, 2012 онд 67.3 хувь, 2016 онд 74.3 хувь, 2020 онд 73.6 хувь нь саналаа өгчээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд