“Нээлттэй дэлхий” хөтөлбөр цаашид тогтвортой үргэлжилнэ

“Нээлттэй дэлхий” хөтөлбөр цаашид тогтвортой үргэлжилнэ

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат өнөөдөр /2024.07.01/ АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон улсын манлайллын төвийн захирал Жейн Саргус, дэд захирал Маура Шелден нарыг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд, Монгол Улсын Их Хурал болон АНУ-ын Конгресс хоорондын хамтын ажиллагаа хоёр улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэсэн.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар АНУ-ын Конгрессын дэргэдэх байгууллагуудтай олон жил хамтран ажиллаж байгааг дурдаад, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын “Ардчиллын түншлэл” байгууллага Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 2006 оноос хойш олон сургалтыг АНУ-д болон Монгол Улсад зохион байгуулж ирсэн. Мөн тус байгууллагын “Нээлттэй дэлхий” хөтөлбөрт 2016, 2017, 2022 онд Монгол Улсын Их Хурлын гишүүд, санамж бичгийн хүрээнд 2022 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд амжилттай оролцож, Конгрессын үйл ажиллагаа, мужийн хууль тогтоох, иргэний нийгмийн болон хууль, эрх зүйн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан гэлээ.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат “Нээлттэй дэлхий” хөтөлбөр цаашид Монгол Улсад тасралтгүй, амжилттай хэрэгжихэд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана хэмээлээ.

АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон улсын манлайллын төвийн захирал Жейн Саргус УИХ-ын анхдугаар чуулганы хуралдааны бэлтгэл ажлыг хангах их ажлын зэрэгцээ цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон улсын манлайллын төвөөс хэрэгжүүлж буй хөтөлбөр нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ АНУ-ын Конгрессын үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж буйг дурдсан. Хатагтай Жейн Саргус АНУ-ын Конгрессын гишүүд энэхүү хөтөлбөрийг маш их үнэлдэг хэмээн онцолсон. Тэрбээр, энэхүү хөтөлбөрийн хүрээнд хоёр орны хууль тогтоох болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын түншлэлийг бий болгон, ижил түвшинд олон төрлийн яриа хэлэлцээр хийх боломж нээгдэж буйд баяртай байдгаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд