УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Хүний эрх, жендерийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжилд УИХ онцгой анхаарч ажиллана

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Хүний эрх, жендерийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжилд УИХ онцгой анхаарч ажиллана

УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын эрхэм гишүүд ээ. Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын ес дэх удаагийн сонгууль амжилттай явагдаж, шинэ гишүүд сонгогдлоо. Шинэ УИХ нь мажоритар тогтолцоогоор 78, хувь тэнцүүлсэн зарчмаар 48 гишүүн сонгож, бүрэлдэж байгаа нь Монгол Улсын парламентат ёсыг бэхжүүлсэн, улс төрийн шинэ соёлыг төлөвшүүлсэн түүхэн үйл явдал болж байна. Өнөөдөр УИХ-д УИХ-ын таван нам, эвсэл суудал авч, мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженер багш, эрдэмтэд зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдэж чадлаа. Ардчилсан парламентад тавигдах суурь шалгуур болох ард түмний төлөөллийг хангах чадвар эрс нэмэгдсэн. Ийнхүү төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоох үйл ажиллагаанд улс төрийн намуудын оролцоог өргөжүүлэх, зөвшилцлийн улс төрд шилжих чухал алхам боллоо. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан.

Иймд улс төрийн намууд УИХ-д суудалтай эсэхээс үл хамааран эх орныхоо хөгжлийн төлөө бодлогын төлөө үнэ цэнтэй санал, санаачилга дэвшүүлдэг, түүнийг эрх баригч болоод сөрөг хүчнүүд хүндэтгэдэг улмаар үндэсний зөвшилцлийг бий болгож, бодлогын тогтвортой байдлыг хангадаг байх нь чухал юм. Бид хэрүүл маргааны улс төрөөс мэтгэлцээний соёл, зөвшилцөл, хөгжлийн бодлогын улс төрд шилжиж байна. Энэ зөвшилцлийн хүрээнд эрчим хүч, хөдөөгийн хөгжил, шинэ хоршоо, эрүүл мэнд, нийгмийн салбар, Улаанбаатар хотын хөгжил, иргэний нийгмийг бэхжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг иргэн бүрд хүртээх зэрэг улс орны амьдралын амин чухал ажлуудад цогц реформ, шинэчлэлт хийх хариуцлагатай үүрэг та бидэнд ногдож байна. 

УИХ-ын даргын хувьд УИХ-д суудалтай улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч эв нэгдлийг хангаж эн тэргүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, Үндсэн хуулийг дээдэлж ажиллана. Хүний эрхийг хангах, хамгаалах нь төрийн үндсэн чиг үүрэг мөн бөгөөд парлмнетын анхаарлын төв байх болно. Тийм ч учраас Монгол Улс хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизм дахь хүний эрхийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжил хангах зэргийг УИХ онцгой анхаарч ажиллана. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд