Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.07.09/ хуралдаж байна. Хурлаар байнгын хорооны даргыг сонгох, УИХ-ын Тамгын газрын ЕНБД-ыг томилох тухай хэлэлцэх, УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Б.Баасандорж даргыг дэмжиж байна. Өмнөх парламентыг харж байхад хууль өргөн барихдаа Б.Баасандорж их анхаарах хэрэгтэй. Яаралтай горимоор орж байгаа асуудлыг Хуулиудын тухай хуулиар шийдэх ёстой. Энэ хуулийг огт дагаж мөрдөхгүй юм. Өчигдөр асуудлаа яриад өнөөдөр УИХ-аар ороод ирдэг. Нийгмийн хэлэлцүүлэг хийж, санал авах ёстой. Яаруу сандруу зүйл олон муу үр дагавартай шүү. Энэ ажлыг Д.Тогтохсүрэн дарга хийж байсан даа. Тэр хүн бүлгийг маш сайн удирдсан. Ялангуяа хувийн хэвшил, эдийн засгийн асуудалд зөв чиглэлтэй ажилладаг. Ямар шалгуураар тэнцээгүй юм бол. Уг нь тэр хүн их олон зүйл дээр зөв чиглэл гаргах байсан болов уу?
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Санал нэг байна. Засгийн газраас олон асуудлыг яаралтай горимоор өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж байна. Шинэ дэг хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хууль тогтоомжийн хуулийн хэрэгжилтийн дагуу яаралтай горимоор өргөн мэдүүлсэн хуулийг УИХ олонхын дэмжсэнээр яаралтай хэлэлцэх эсэхийгщ шийдвэрлэж явахаар болж байгаа. Бид өчигдөр Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг яаралтай хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Яаралтай нэрийн дор зарим бодлогын томоохон асуудал хөнгөн хуймгаа хандах асуудал гарах вий. УИХ-аас энэ асуудалд анхаарна. Мөн УИХ-ын даргын хувьд ЕНБД-ын албан тушаал хэд хэдэн хүний нэр яригдсан. Цэвэр төрийн албан хаагч байх хуулийн зохицуулалттай. ЕНБД-аар ажиллах хүн улс төрийн намаас бүрэн татгалзсан байх ёстой учраас зарим нэр дэвшигчид татгалзсан.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Нэг санал хэлье. Ер нь хууль хэлэлцэхдээ УИХ өөрсдийнхөө тогооноос хальсан асуудлыг хэлэлцмээргүй байна. Мөн байнгын хороонд ялгаагүй. Ирээдүйд олох гэж байгаа зүйлдээ тааруулж хууль батлах нь том асуудал шүү. Тэр мөнгө ирээдүйд орж ирнэ гээд хууль баталж болохгүй. Эдийн засгийн асуудалд анхаармаар байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Б.Баасандорж даргыг нэр дэвшиж байгааг дэмжиж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга дэгийн зөвлөх. Дэгийг аль байнгын хороогоор хэлэлцэж, яаж санал хураах вэ гэдэг дээр зөвлөгөө өгдөг том хүн. Бид энэ асуудалд анхаарах шаардлагатай. Жишээлбэл, өнгөрсөн 20 жил газрын асуудал Эдийн засгийн байнгын хорооны асуудал. Энэ асуудал төрийн өмч, хууль зүйн өмчлөх эрхийн асуудал байтал орхигдуулж ирсэн. Монгол өмчийн асуудал замбараагүй явж ирлээ. Бизнесийн эрх зүйн байдлын асуудал Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг ч огт хэлэлцэгддэггүй. Зөв тохируулга хийхгүй бол. Ядаж газрын асуудлыг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцдэг баймаар байна. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ. Сүүлийн 2-3 жилд мэргэшсэн зөвлөх ажиллахгүй байгаа. Хуулиуд тойрог байдлаар явахаар мэргэшээгүй зөвлөхүүд дээр очиж байна?
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-УИХ-ын байнгын хорооны асуудлууд давхардсан тал харагдаж байгаа. Мөн мэргэжлийн зөвлөхүүдийг ажиллуулахыг бодлогоор дэмжиж ажиллана. Гишүүд санаачлага, саналаа хэлэхээс гадна засч залруулахад анхаарах хэрэгтэй байна. Нийт 580 хууль хэрэгжиж, 3000 гаруй журам хэрэгжиж байна. УИХ бүрэн хүчин чадлаараа ажиллах ёстой. УИХ-ын даргын хувьд хуульч мэргэжилтэй 27 УИХ-ын гишүүн парламентад орж ирж байгаа нь олзуурхууштай.
Нэр дэвшигч Б.Баасандорж:
-Дэгийн зөвлөхтэй холбоотой асуултад хариулъя. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нь УИХ-ын дэгийн зөвлөх байна гэж заасан. Мөн УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд ЕНБД нь дэгийн тухай саналаа Ёс зүй, дэгийн байнгын хороонд хүргүүлнэ гэж заасан. Миний хувьд надад итгэл үзүүлж томилбол эхний ажлаа УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд холбогдох саналаа байнгын хороонд хүргүүлнэ. Шинэ Дэгийн хууль 16 бүлэг, 137 зүйл, 847 хэсэг, 1044 заалттай юм билээ. Би өмнөх дөрвөн хуультай харьцуулж, дүн шинжилгээ хийж үзсэн. Өнгөрсөн 2020 оны хуультай харьцуулбал агуулгын 30 хувь өөрчлөгдөж, зарчмын 10-15 хувь өөрчлөлт орсон. Тэгэхээр байнгын хороондоо саналаа бэлтгэнэ гэж төлөвлөж байгаа.
Газрын асуудал Байгаль орчин болон Эдийн засгийн байнгын хороо гэх мэт хэд хэд хуваагдсан. Энэ асуудалд санал нэг байна. Мэргэшсэн зөвлөхүүдийн хувьд 126 гишүүний ажлын алба шинийг санаачлан хурдтай ажиллах ёстой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Парламентын олон мэргэжлийн ялгаатай байдлыг парламент дунд холбох гүүр болгон ашигласнаар боловсон хүчнийг шат дараатай бэлтгэх боломжтой болдог. Нөгөө талаараа албан тушаал бүрэн өөрийн эрхлэх асуудалтай, давхцахгүйгээр хариуцлага хүлээх чадвартай байж асуудлаа шийднэ. Тэгэхгүй бол асуудлаа шийдэж чадахгүй албан тушаалууд байна. Жишээлбэл, дэд сайдууд байна. Гэхдээ сайд, Төрийн нарийн бичгийн дарга нь эрх мэдлээ өгдөггүй, дунд нь зөвхөн ажлын хэсгийн ахлагч болж хувирдаг. Бусад улсуудад Дэд бүтцийн сайд нь үндсэн сайд, Замын тээвийг нь дэд сайд хариуцаж, зөвхөн тэр асуудалд гарын үсэг зурдаг. Олон улсад үндсэн чиг үүргийн төрийн сайд, эрхлэх асуудлын сайд гэдэг статустай байдаг. Цаашдаа бид энэ асуудлыг ярьж, тэр агуулга руу явж байгааг хэлье.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-ХЗДХЯ-ны нэрийн өмнө шударга ёс гэж нэмсэн байна. Агуулгын хувьд салбарын сайд, ерөнхий прокурор хоёр нэг байдаг улс орнуудын нэр томъёо. Үндсэн хуульд ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах замаар Ерөнхий прокурор гэдэг статусыг гүйцэтгэх эрх мэдэл дотор оруулах гэж байгаа юм уу. Шударга ёс гэж нэрлэж байгаа бол Засгийн газрын дотоод дахь хүний эрхийн аудит хийдэг систем энд үүснэ гэсэн үг. Тэгэхээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах байдлаар ХЗДХЯ-ны чиг үүрэг өргөжих ёстой. Гэтэл хэрэглэгчийн эрх Шадар сайд дээр явж байгаа. Энэ эрхээ шилжүүлэхгүй юм уу. Манайх л холион бантан болгосон байдаг. Төр бол хамгийн бага стандартыг тогтоох ёстой.