Б.Мэргэн: УИХ-ын гишүүн танхайрч, мансуурсан ч хуулийн хариуцлага хүлээхгүй

Б.Мэргэн: УИХ-ын гишүүн танхайрч, мансуурсан ч хуулийн хариуцлага хүлээхгүй

УИХ-ын гишүүн нь гэмт хэрэгт холбогдсон ч бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжгүй бөгөөд хууль тогтоогч танхайрсан ч хариуцлага хүлээхээргүй болгож, өөрчлөн зассан байна.

 

Энэ тухай хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн цахим орчинд байр сууриа илэрхийлээд байна.

 

Тэрбээр “УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар барьснаас өөр тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болохгүй гэсэн заалт байсныг 2017 онд Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргаж хүчингүй болгосноор гишүүнд эрүүгийн хариуцлага оногдуулах боломжтой болгож байлаа. Үр дүнд нь ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрс гэсэн хэргүүдтэй холбогдсон гишүүд шүүхээр орж, зарим нь ялаа авсан. Цэцэд мэдээлэл гаргаагүй бол энэ бүхэн боломжгүй байсан гэхэд болно.

 

Тэгвэл сонгуулийн өмнө баталсан УИХ-ын тухай хууль өмнөхөөсөө ч дордуулжээ. Халуухан байгаа сэдэв дээр жишээ авъя.

 

Өнөрөөд төрийн нууц материал өгч задруулсан гээд байгаа гишүүнд хариуцлага тооц, ял өг гэж байна. Товчхондоо цагдаа, прокурор, шүүх нь шударга байгаад ч УИХ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй бол тэгээд л ямар ч хариуцлага тооцож чадахгүй.

 

Шинээр батлагдсан УИХ-ын тухай хуульд УИХ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй гээд шийдчихвэл прокурор гишүүнд холбогдуулсан хэргээ түдгэлзүүлнэ. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаах ажиллагаа зогсоно.

 

Гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа сэргээн шалгаж болно. Энэ хооронд хөөн хэлэлцэх хугацаа ч дуусчих боломжтой. Энэ зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуульд нарийвчлан тусга гэсэн заалт байгаа ч одоогоор өөрчлөлт оруулаагүй байна. Гэхдээ энэ хуулиудыг өөрчлөөгүй байсан ч хариуцлага хүлээлгэж чадахгүй болчихсон.

 

За бас нэг дураар авирлах эрх олгосон заалт байна. УИХ-ын гишүүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулахыг хориглочихож. Юу гэсэн үг вэ гэхээр:

 

Гишүүн бол мансуурч болно, танхайрч болно, согтуу машин жолоодож болно, гэр бүлийн гишүүнээ зодож болно, хулгай хийж болно, хөрөнгө завшиж болно, жагсаал, цуглаанд зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, химийн хорт бодистой оролцож болно, гамшиг, халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм зөрчиж болно, хүүхдийнхээ тэтгэлгийг өгөхгүй байж болно, бэлгийн дарамт учруулж болно, прокурор, шүүх дуудахад очихгүй байж болно. Болно гэдгийн учир нь эдгээрийг иргэнийх нь хувьд хуулиар хориглосон ч, гишүүнийх нь хувьд шийтгэл оногдуулж болохгүй. Зөрчлийн асуудлаар бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй. Гишүүн байх хугацаанд нь хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихна” гэж мэдэгдээд байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд