“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул ажлаа хүлээлгэн өгчээ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул ажлаа хүлээлгэн өгчээ

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ОНӨТҮГ-ын даргын ажлаа албан ёсоор хүлээлгэн өгчээ.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа, "Миний бие 2020-2024 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн даргаар ажиллахдаа хамт олонтойгоо хамт дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн стратеги төлөвлөгөө, ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг боловсруулж батлууллаа.

4 жилийн хугацаанд хавар, намрын мод тарилтаар цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр 40 мянга, ойжуулалтын хэлбэрээр 40 мянган мод тарьж, арчилж ургууллаа.

Бид жил бүр 260 га талбайн ногоон байгууламж, 170 мянга гаруй модны арчилгаа хамгааллыг хийж гүйцэтгэдэг. Модны ургалт 96 хувьтай байна. Мөн зуны улиралд 50-70 мянган нэг наст болон олон наст цэцгийг тарьж байна. 1 га байсан мод үржүүлгийн газраа 4 га болгож өргөтгөлөө. Нийслэлийн төсвөөс 5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдсэн бол хувийн хэвшил болон олон улсын байгууллагаас 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж чадлаа.

Иргэдэд экологийн боловсрол олгох зорилгоор 10 аймаг, 9 дүүргийн 20 мянга гаруй хүнд ногоон байгууламжийн цогц сургалт хийсэн. Бидний бүтээсэн 70 гаруй контентууд давхардсан тоогоор сая гаруй хүнд хүрчээ. Мод тарьж арчилж ургуулах тухай гарын авлагыг бүтээлээ.

Манай талбай дээр НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антониу Гутерреш мод тарьж, дэлхий биднийг харлаа. Япон, Солонгос, Тайвань, Орос, Беларусь, Энэтхэг, Австрали, Франц улсуудтай хамтын ажиллагаагаа өргөтгөлөө" гэжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд