Х.Нямбаатар: Гэр хорооллын 184 мянган өрхийг ойрын 10  орон сууцжуулна

Х.Нямбаатар: Гэр хорооллын 184 мянган өрхийг ойрын 10 орон сууцжуулна

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Агаар мандалд хүлэмжийн хий ялгаруулдаг гэр хорооллын 184 мянган өрхийг ойрын 10 жилийн хугацаанд нүүлгэн шилжүүлж, орон сууцжуулах төсөлд хамруулна” гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ.

Нийслэлийн агаар, хөрсний бохирдол, түгжрэлийг бууруулахын тулд Засгийн газар “20 минутын хот” байгуулах амлалт өгөөд буй. Энэ хүрээнд эхний ээлжинд Сэлбэ, Баянхошуу дэд төвийг түшиглэн эхний ээлжинд 20 мянган айлын орон сууц барихаар болсон. Одоогоор Сэлбэ дэд төв дээр 160 га газрыг чөлөөлж, 12 мянган айлын орон сууцны ажлыг эхлүүлэхийн тулд энэ сард багтаан тендер зарлах болоод буй. Мөн нийслэл гэр хорооллыг орон сууцжуулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг гадаад зах зээлд бонд босгож шийдвэрлэхээр УИХ, Засгийн газраас эрхээ авсан. Тэгвэл энэ ажил удахгүй бодит биеллээ олох нь.

Энэ талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “500 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд худалдаалахаар бэлтгэл хангаад явж байна.

Хонгконг, Лондон, Сингапур, Нью-Йоркд бонд танилцуулах бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн.

Олон улсын бондыг гаргаснаар Улаанбаатар хотынхоо агаарын бохирдол, түгжрэлийн асуудлыг шийдээд зогсохгүй хүлэмжийн хийг бууруулах чиглэлд томоохон ахиц гаргана” гэж мэдэгдсэн юм.

Гадаад зах зээлд гаргах 500 сая ам долларын бонд нь 1.5 их наяд төгрөгтэй дүйнэ. Энэ мөнгийг орон сууц барихад зарцуулна. Барьсан орон сууцыг зарахгүй. Газраа чөлөөлсөн айлыг дээрх орон сууцаар хангах бодлого барина.

Одоогоор Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлөөд буй.  Төслийн хүрээнд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, зөвшилцсөн иргэдийн нөхөх олговрыг олгож эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш тухайн бүс нутгийн 1423 иргэн, аж ахуйн нэгжийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийсэн байдаг. Ингэхдээ 1250 нэгж талбартай гэрээ байгуулж, 885 иргэний нөхөх олговрыг олгох Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Эхний ээлжинд гэрээ байгуулж, нөхөх олговроо авсан иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлсөн байгаа юм.

Газрын нөхөн олговрын тухайд, 0.07 га газрын үнэлгээ 204 сая төгрөгт хүрчээ. Энэ мөнгөө газраа чөлөөлсөн иргэд орон сууц авахад зарцуулж байгаа юм.

Сэлбэ дэд төвийг түшиглэн босох 20 минутын хот нь III, IV хорооллын бүтээн байгуулалтаас ч том байхаар төлөвлөгдсөн. Сэлбэ дэд төвийг түшиглэн босох орон сууцны хотхон нь дэргэдээ сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цаашлаад худалдаа үйлчилгээ, үзвэр үйлчилгээний төвтэй байхаар төлөвлөлтийг хийсэн.

Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд төвүүдийг түшиглэн орон сууцжуулах загвар Сэлбэ дэд төвөөс эхлүүлнэ. Гурван  төрлийн орон сууцыг барина. Орон сууцны хотхонуудыг цементэн ширэнгэ болгож хувиргахгүйн тулд нийт талбайн 60 хувь барилга байгууламж байх бол 40 хувь нь ногоон байгууламжаас бүрдэнэ.

Сэлбэ дэд төвийг түшиглэн босох 12 мянган айлын орон сууцыг хоёр жилд багтаан ашиглалтад оруулна гэж тооцож байна.

Дээрх дэд төвийг түшиглэн орон сууцжуулах бодлоготой зэрэгцэн Баянхошуу дэд төвд мөн ажил эхэлсэн бөгөөд энэ онд багтаан 800 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж буй.

Мөн Шар хад дэд төвийг түшиглэн 152 айлын орон сууц барих ажлыг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн. Азийн хөгжлийн банкны Уур амьсгалын өөрчлөлтийн ногоон сангаас нийслэлд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон ба нийтдээ 338 айлын орон сууц барихаар төлөвлөсөн байдаг. Энэхүү орон сууц нь орлогод нийцсэн байхаас гадна эрчим хүчний хэмнэлттэй байхаараа онцлог.

152  айлын орон сууцыг 18 сарын хугацаатай барьж, ашиглалтад оруулна. Ирэх жил Цайз зах орчимд 600 айлын орон сууц барих ажлыг эхлүүлнэ. Өнгөрсөн жил  Шар хад дэд төвийн ойролцоо 110 айлын орон сууц барих ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөө жил ашиглалтад орно. Ингэснээр Цайз зах орчимд 1000 айлын орон сууц баригдах юм.

Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Шархад дэд төвд хийсэн дэд бүтцэд суурилан 977 айлын ногоон орон сууцыг эко хорооллын төлөвлөлтөөр байгуулах юм. Үүнээс 2023-2025 онуудад 338 айлын ногоон орон сууцны эко хороолол барихаар төлөвлөсөн.

2024 оны дөрөвдүгээр улиралд төслийн эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулна.

Төслийн дараагийн ээлжийн 152 айлын ногоон орон сууц нь Шархад дэд төвийн 1.8 га газарт төлөвлөгдсөн бөгөөд барилга угсралтын гүйцэтгэгчээр “Тамга-Уул” ХХК болон "Хангай Энержи" ХХК-ийн түншлэл шалгаран, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн. Тус 152 айлын эко хорооллыг нийтдээ дөрвөн блок барилга болон худалдаа, үйлчилгээний төвтэй байхаар төлөвлөсөн” гэдэг мэдээллийг өгч байв.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж буй аж. Иймээс  нийслэлийн хэмжээнд цахилгаан автомашин цэнэглэх 50 станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2024, 2025 онд барьж байгуулах зорилт тавьжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд