Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2024-2025 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг Боловсролын Ерөнхий Газар, “И-Монгол академи” УТҮГ-аас хамтран хүргэлээ.
Цэцэрлэгийн бүртгэл:
- Эхний шат наймдугаар сарын 1-18-нд
- Хоёрдугаар шат есдүгээр сарын 5-15-ны хооронд явагдана.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг Е-Мongolia нэгдсэн системээр авч эхэлсэн билээ.
Цэцэрлэг, сургуулийн бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг "И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран танилцуулсан юм.
Тэрбээр хэлэхдээ "Наймдугаар сарын 1-18-ны хооронд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг цахимаар хүлээн авч байна.
2-5 настай хүүхдүүдийг харьяа дүүрэг, түр оршин суугаа хаягаар бүртгэж авах зорилгоор энэхүү цахим үйлчилгээг гурав дахь жилдээ хүргэж байгаа.
Өнгөрсөн жил 134,639 хүүхэд цахимаар цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ илгээж, 92.5 хувь нь гэрээ байгуулан цэцэрлэгтээ бүртгүүлсэн.
Энэ жил нийслэлийн хэмжээнд 142,150 цэцэрлэгт хамрагдах насны хүүхэд байна. Одоогоор 69,455 хүүхэд хүсэлтээ илгээсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ ирүүлсэн хүүхдүүдийн тоо 50 хувьд ч хүрээгүй.
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ идэхтэй ирүүлэхийг иргэдэд уриалж байна.
Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 12-нд болохтой холбоотойгоор шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн өмнө зогсоож байгаа. Наймдугаар сарын 12-ний дотор шилжилт хөдөлгөөн хийж, хүүхдүүдээ цэцэрлэгт бүртгүүлэх хэрэгтэй" гэлээ.
"И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран "Цэцэрлэгийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулж байна.
Эхний үе шат наймдугаар сарын 18-нийг хүртэл үргэлжилнэ. Улмаар эхний бүртгэлд хамрагдаж чадаагүй, хоцорсон түр оршин суугаа хаягийн бүртгэлтэй иргэд дараагийн бүртгэлийг хийлгэх боломжтой.
Түр оршин суугаа хаягийн бүртгэлийг хэрхэн хийх вэ?
Өөрийн түр оршин сууж буй хороондоо очоод бүртгүүлдэг. Хүн амын өрхийн мэдээллийн санд бүртгэл нь орсноор И-Монголиагаас шалгаж, бүртгэдэг.
Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор иргэд чухам хаашаа хандахаа мэдэхгүй тохиолдол гарч байна. Тиймээс харьяа дүүргийнхээ мэдээллийг авах утас болон И-Монголиагийн холбогдох дугаарыг хуудсандаа оруулсан" гэв.
Түр оршин суух хаяг гэдэг нь тухайн иргэн оршин суугаа хаяг дээрээ 180-аас бага хоног амьдрах хаягийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл зургаан сараас бага хугацаанд амьдрах хаягийг хэлнэ.
Тухайн байршил дээрээ нэг жил түрээсийн гэрээ хийсэн зэргээр дээр дурдсан хоногоос илүү хугацаанд амьдарч байгаа бол байнгын оршин суух хаягаар бүртгүүлэх нь иргэний үүрэг.
Нөгөө талдаа улсын бүртгэгчдээ мэдээлэл, бичиг баримтаа бүрэн өгч бүртгүүлэх хэрэгтэй. Өөрт ойр байгаа улсын бүртгэгчид хандаж, шаардлагатай бичиг баримтуудаа өгч, хаягийнхаа үндсэн бүртгэлийг зөв болгох хэрэгтэйг зөвлөлөө.