Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Автомашины импортыг хязгаарлах шийдвэрийг гаргахгүй бол Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх боломжгүй. Энэ оны долоон сарын байдлаар Монгол Улсад 87 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн. УИХ, Засгийн газар энэ асуудал дээр шийдвэрээ гаргах шаардлага байна” гэдгээ мэдэгдлээ.
Гаалийн ерөнхий газраас гаргасан мэдээгээр энэ оны эхний зургаан сарын байдлаар буюу 2024 оны зургадугаар сарын 10-ны байдлаар 52392 ширхэг суудлын автомашин импортлогдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 93.3 хувиар, 12484 ширхэг ачааны автомашин импортоор орж ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44.3 хувиар өссөн үзүүлэлт болохыг мэдээлсэн.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1,280,199 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас нийслэлд 756,037 тээврийн хэрэгсэл нь бүртгэлтэй аж.
Нийслэлийн зүгээс түгжрэлийг сааруулах зорилгоор Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай асуудлыг энэ оны эхээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн, шийдвэр гаргуулж байв. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар зааж өгсөн юм. Гэвч энэхүү хязгаарыг даваад буй.
Үндэсний статистикийн хорооны 2012-2021 оны тоон мэдээлэлд үндэслэн тооцоход 2025 он гэхэд Улаанбаатар хотод 840 орчим мянга, 2030 онд 1.1 сая, 2035 онд 1.5 сая, 2040 онд хоёр сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдэх тооцоолол гарсан.
Харин Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 1213 км.
Автомашины импорт энэ байдлаараа үргэлжилбэл 2040 он гэхэд Улаанбаатар хотын авто замын хурд 0 км/ц буюу бүтэн өдрийн турш түгжрэлтэй байх төлөв гарсан байдаг.
Авто замын түгжрэл хамгийн их үүсдэг их тойруугийн бүсэд өдөрт 198-233 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Энэ төвлөрлийн бүсийн авто замын урт нь 62 км байдаг. Энэ уртад тээврийн хэрэгслийн хурд, жолоочийн самбаачлах хугацаа, бүрэн зогсолтын урт, тээврийн хэрэгслийн урт зэргийг тооцоод автомашин 25 км/ц хурдтай явахад 85,783 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжтой.
Харин 157 мянга тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно гэж тооцвол автомашин 9-24 км/ цагийн хурдтай л явах боломж байгааг албаныхан мэдэгдэж байв.
Түгжрэлийг сааруулах зорилгоор нийслэлээс метро, дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэхээр болж, шийдвэрүүдээ гарган, олон улсын тендер зарлах зэргээр ажлыг эхлүүлсэн. Метрог 2028 онд ашиглалтад оруулахаа Улаанбаатар хотын захирагч мэдэгдсэн. Гэвч жил бүр импортоор орж ирэх тээврийн хэрэгслийн тоо дээрх хэмжээгээр үргэлжилсээр байвал метро барьж, автозамуудаа өргөтгөөд ч түгжрэлийг сааруулах боломжгүй гэдгийг албаныхан мэдэгдсээр байгаа юм.
Улаанбаатар хотын захирагчид автомашины импортыг хязгаарлах шийдвэр гаргах эрх байхгүй, Хуулиараа хуулийн төсөл боловсруулагдан, УИХ-аар хэлэлцэгдэж батлагдаж байж шийдвэр хүчин төгөлдөр болно.
Өнгөрсөн хугацаанд насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах шаардлагатай тухай асуудал УИХ-ын төвшинд хөндөгдөж байсан ч ард иргэд эсэргүүцэж байсан тул энэ чиглэлийн хууль батлагдаагүй. Гэвч түгжрэл гэх том проблем алсдаа энэ мэт шийдвэр гаргуулж мэдэхээр л байна.