Дэлхийн банкны санхүүжилтээр 361 км авто зам засварлана

Дэлхийн банкны санхүүжилтээр 361 км авто зам засварлана

Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг батлуулсан. Тус төслийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр болж,  Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон Дэлхийн банкны төлөөлөл оролцлоо. Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Монгол Улсын хувьд барилгын ажил гүйцэтгэх боломжтой хугацаа маш богино. Төслийн зөвлөх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулж, барилгын ажил эхлүүлэх хэрэгтэй. Мөн төслийг хэрэгжүүлэхдээ өмнөх алдааг давтахгүй байж, авто замыг чанартай, аюул осолгүй, ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлж, тээвэр ашиглалтын зардлыг бууруулж, цаг хугацаа хэмнэх, цаашлаад эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой” гэдгийг хэллээ. “  Дээрх төслийн хүрээнд нийт 361 км хатуу хучилттай авто зам, найман байршилд нийт 1205 урт метр төмөрбетон гүүрийг шинэчлэн сайжруулахыг зэрэгцээ, насжилт, ихтэй, эвдрэл ихтэй замуудад их засвар хийнэ.Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нутгийн зам төсөл”-ийн хүрээнд хэрэгжих зарим сумдыг холбох ажил хэрэгжүүлнэ. Тодруулбал, Улаанбаатар-Арвайхээр, УлаанбаатарӨндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замуудад их засвар хийхээр төлөвлөжээ. Мөн Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэн, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг найман гол дээрх 1205 у/метр гүүрийн их засвар хийхээр болжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд