Хэн болох нь тогтоогдохгүй хоёр хүний цогцос Сэлбэ голын лаг хагшаас дотроос олджээ

Хэн болох нь тогтоогдохгүй хоёр хүний цогцос Сэлбэ голын лаг хагшаас дотроос олджээ

Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэхтэй холбоотой мэдээллийг Хотын дарга Х.Нямбаатар өгөв. 

Тэрбээр хэлэхдээ "Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг зөөх ажил 2024 оны зургаадугаар сарын сүүлээс эхэлсэн. Өнгөрсөн жил бороо ороод бүгд шуудай, элсээ бариад гүйсэн. Харин энэ жил гүйгээгүй шүү.

Сүүлийн хэдэн арван жил гуу жалга, зам харгуй дээрээс урсаж орсон нарийн ширхэгтэй тоос шороо бүгд орж, шигдээд Сэлбэ голын доод ёроол нь харагдахааргүй лаг хагшаастай болсон байсан. 

Одоогоор хэн болох нь тогтоогдохгүй хоёр хүний цогцос Сэлбэ голын лаг хагшаас дотроос олдсон. Түүнчлэн адуу мал, нохой, муурын маш олон сэг зэм гарсан.

Бургас, лаг хагшаасыг зөөхтэй холбоотой ажлуудын нэгдүгээр үе шат буюу техникээр зөөх ажлууд хийгдсэн. Одоо бид шаврын насосуудыг техникээр сэндийчээд лаг зөөснийхөө араас нарийвчилсан байдлаар технологийн дагуу сорж, цэвэр усыг ялгаад гол руугаа хаядаг.

Цааш лагийг нь ачиж явдаг ажил хийж байна.

Сайн мэдээ гэвэл манай голын ёроол чулуутай юм билээ. Чулуу нь сорогдож эхэлсэн бөгөөд цэвэрших гол процесс явагдаж байгаа.

Далантай голуудыг олон улсын хот байгуулалтад инженерийн байгууламж гэж үздэг. Энэ байгууламж дотор мод, бут ургах ёсгүй юм билээ. Энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагууд зөвлөмж өгч байгаа.

Гадаадын зөвлөх инженер багуудыг авчирч Улаанбаатар хотын хөрсний усыг зайлуулах гүний насос станцуудыг ирэх жилүүдэд байгуулах чиглэлээр ажлын зураг хийлгэхээр мэргэжилтнүүдийг урьсан" хэмээлээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд