Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр энд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны энэхүү төрийн айлчлал нь Монгол, Германы ард түмний халуун дотно найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж, манай хоёр орны ирэх 50 жилийн нөхөрлөл, түншлэл, хамтын ажиллагааны замын зураглалыг тодорхойлон хоёр орны харилцааг стратегийн түншлэлд хүргэсэн түүхэн онцгой айлчлал болж байна.
Монгол Улс Германыг гурав дахь хөрш, Европ дахь итгэлт түнш гэж үздэг. ХБНГУ стратегийн түншлэл байгуулж байгаа Европын анхны улс болж байгаагаараа онцлог. Хамтын харилцааны өнгөрсөн 50 жилийн ололт, амжилтыг бататгаж цаашид улам бүр өргөжүүлэх, улсны орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөжийн талаар санал бодлоо дэлгэрэнгүй солилцлоо.
Бидний яриа хэлэлцээрийн үр дүнд стратегийн түншлэлийн тухай хамтарсан тунхаглал гаргаж, олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр болон эдийн засгийг төрөлжүүлэх, хууль эрх зүй, шүүх чадавхыг сайжруулах, тогтвортой эрчим хүч, боловсрол, шинжлэх ухаан, байгаль экологийн салбарт хамтран ажиллах баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурлаа.
Оюутан сургах, дээд боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. 1920-иод онд Их зохиолч Д.Нацагдорж тэргүүтэй 30 гаруй зохиолч Герман улсад боловсрол эзэмшиж байсан түүхтэй юм. Өдгөө 35 мянган иргэн Герман улсад боловсрол эзэмшжээ.
2014 онд үүд хаалгаа нээсэн Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль хоёр орны хамтын ажиллагааны бас нэгэн бэлэг тэмдэг болон өргөжиж олон зуун мэргэжилтнийг бэлтгэж байгаа.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө!
Манай улс ардчилсан засаглалаа байгуулж хууль эрхзүйн шинэ тогтолцооны үндэс суурийг тавихад Герман Улсын шүүх, хууль эрхзүйн туршлага чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 2,000 гаруй энхийг сахиулагчдыг дэлхийн халуун цэгүүдэд илгээхэд герман анд нөхдийн дэмжлэг туслалцаа их байсан.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд монгол улсын хөгжил дэвшилд зориулан германы ард түмэн, төр засгаас 530 гаруй сая еврогийн дэмжлэг туслалцаа үзүүлсэнд манай ард түмэн ямагт талархдаг гэдгийг хэлэхийг хүсэж байна. Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Монгол Улсад ирэх 2025 он хүртэл 300 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хөгжлийн санхүүжилт үзүүлэхээр болсон.
Энэхүү дэмжлэг нь манай улсын тогтвортой эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сайжруулах, байгалийн нөөцийг хадгалан хамгаалах болон тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр болно гэдэгт итгэл төгс байна" гэлээ.