В.Зеленский: “ Оросын талд 155 хятад иргэн байлдаж байна”

В.Зеленский: “ Оросын талд 155 хятад иргэн байлдаж байна”

Хятадын 155 иргэн Оросын талд орж украинуудын эсрэг байлдаж байна хэмээн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдлээ. Тэдний нэр ус, паспортны мэдээлэл ил болсон гэж байна. “Бид мэдээлэл цуглуулж байна, тэд бүр их ч байж магадгүй. 155 хятад хаанаас ирсэн, хятад баримт бичиг, нас гээд мэдээлэл олдсон. Тэр бүү хэл хаана алба хааж байгааг ч мэдсэн. Тэд мото буудлагын 70, 71, 255-р хороонд алба хааж байна” хэмээн Зеленский ярьжээ.

Түүний хэлж буйгаар, Оросууд TikTok болон бусад хятад сошл сүлжээгээр зар явуулж хятадуудыг элсүүлж байгаа аж. Хятадын эрх баригчид үүнийг огт мэдээгүй, дайчилгаа явуулах нууц схем ч байж магадгүй гэсэн байв. Ятгаж элсүүлсэн хятад иргэдийг Москвад авчирч эмчийн үзлэгт оруулаад дараа нь сургалтын төв рүү илгээнэ. Хятадууд цагаачлалын бичиг, мөнгө, цалинг нь олгодог “Мир” төлбөрийн карттай болж байна хэмээн Украины Ерөнхийлөгч нэмж хэллээ. Украины арми Донецкийн фронтоос Оросын талд байлдаж байсан Хятадын хоёр иргэнийг олзолсон тухай мэдээлж байсан. Тэднээс хятад паспорт гарч ирсэн аж. Оросын талд тулалдаж байгаа хятадууд энэ хоёроор зогсохгүй гэж үзсэн тул Украины Гадаад хэргийн яам Хятадын хэргийг Киевт түр хариуцаж буй түшмэлийг дууджээ.

Хятад иргэд Украины дайн байлдааны ажиллагаанд оролцож байгаа мэдээлэлд санаа зовниж буйгаа Вашингтон илэрхийлэв. “Хятад улс Украины эсрэг дайнд Оросыг дэмжсэн хэвээр байна. ОХУ дайнаа үргэлжлүүлэн хийхэд шаардлагатай навигацын хэрэгсэл, хагас дамжуулагч, онгоцны сэлбэг зэрэг хоёрдмол зориулалттай барааны 80 хувийг Хятад нийлүүлж байна” хэмээн АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс мэдэгджээ. Харин Хятад улс Оросын талд байлдуулахаар Украин руу цэргээ илгээгээгүй хэмээн мэдэгдэв. Хятадын эрх баригчид Украины эсрэг Оросын дайнд ямар ч хэлбэрээр оролцохгүй байхыг иргэддээ уриаллаа.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд