Доминикан улсад цэнгээний газрын дээвэр нуржээ

Доминикан улсад цэнгээний газрын дээвэр нуржээ

Карибын тэнгисийн Доминиканы Бүгд найрамдах улсын нийслэл Санто Доминга хотод шөнийн цэнгээний газрын дээвэр нурж томоохон осол гарсан тухай мэдээлсэн. Ослын улмаас нас барсан хүний тоо 180 давлаа. Гэмтэж шархадсан 500 орчим хүн байна.

Жет Сет гэдэг нэртэй шөнийн цэнгээний газарт меренгуэ дуучин Рубби Перезийн тоглолт болж байсан учраас хүн хөл ихтэй байжээ. Тус дуучин нь Доминиканы алдартай уран бүтээлчдийн нэг байсан учраас тоглолтыг нь үзэж дуулж бүжиглэхээр 500-1000 орчим хүн цугласан гэж үзэж байна.

Одоогоор цэнгээний газрын дээвэр чухам яагаад нурсан шалтгаан тодорхойгүй. Мөн яг хэдэн хүн дотор байсан нь ч тодорхой бус байна. Ямартай ч аврагчид нурангин доороос хүмүүсийг аврахаар цаг хугацаатай уралдаж байгаа юм. Хохирогчдын тоо цаашид нэмэгдэнэ гэдгийг анхааруулж байна. Өмнө нь кинотеатр байснаа сүүлд цэнгээний газар болж өөрчлөгдсөн Жет Сет төв нь ойролцоогоор 1700 хүний багтаамжтай.

Даваа гаргийн орой болсон тоглолтыг үзэхээр ирсэн үзэгчдийн дунд Доминиканы нөлөө бүхий улс төрчид, урлагийнхан, тамирчид байжээ. Тоглолтоо хийж байсан 69 настай дуучин Рубби Перез нас барсан байдалтай цогцос нь олдсон байна. Тайзан дээр охинтойгоо дуулж байсан бөгөөд дээвэр гэнэт нурах үед хүргэн нь охиныг нь биеэрээ хааж нурангиас хамгаалж амьд гарсан. Гэвч дуучныг хэдэн цагийн дараа нурангин доороос олоход нас барсан байжээ. Түүнчлэн бейсболлын од тамирчид Октавио Дотел, Тони Бланко болон Монте Кристи мужийн захирагч Нелси Круз нар нас барсан байна.

Тус улсын Ерөнхийлөгч Луйс Абинадер улс орон даяар гурав хоногийн турш гашуудал зарлалаа. Дээвэр нурахаас өмнө цэнгээний газарт байсан үзэгч гар утсаараа хийсэн бичлэг олдсон. Уг бичлэг дээр дээвэр дээрээс ямар нэг зүйл унасан тухай ярьж, энэ ярианаас хойш 30 секундын дараа бүхлээрээ нурсан байна.

Доминиканы Бүгд найрамдах улс Карибын тэнгист байрладаг үзэсгэлэнт далайн эргийн амралтын газруудтай учир аялал жуулчлалын бизнес өндөр хөгжсөн. Жилд 10 гаруй сая жуулчин хүлээж авдаг аялал жуулчлалын салбар нь улсын ДНБ-ийн 15 хувийг бүрдүүлдэг. Тиймээс олон хүн цугласан цэнгээний газарт гадны иргэд жуулчид олон байжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио амь насаа алдсан хохирогчдын дунд Америкийн иргэд байгааг мэдээлсэн байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд