ОХУ барууны эсрэг хайбрид дайндаа украин хүүхдийг ашиглан гал тавиулжээ

ОХУ барууны эсрэг хайбрид дайндаа украин хүүхдийг ашиглан гал тавиулжээ

ОХУ барууны орнуудын эсрэг явуулж буй хайбрид дайны нэг хэсэг болгон “Ikea”-ийн агуулахад гал тавьж, дэлбэлжээ. Энэ ажлаа өсвөр насны украин хүүхдэд мөнгө төлж гүйцэтгүүлсэн гэдгийг “NY Times” хэвлэл Пүрэв гаригт мэдээллээ. Тодруулбал, Оросын тагнуулчид Литвийн нийслэл Вильнюс хотод байрлах “Ikea”-ийн агуулахад халдлага үйлдүүлэхээр 17 настай залууд бэлнээр 11 мянган ам.доллар, “BMW” машин санал болгосон байна. 17 настай хүү Хятадын “Zengi” гэх мессенжер програмаар дамжуулан тэдэнтэй харилцжээ.

Тус хүүхэд 2022 оны хоёрдугаар сард түрэмгийллийн дараа Украиныг орхин дүрвэж, Европын холбоонд дүрвэгчээр суурьшсан. Улмаар 2024 оны тавдугаар сард халдлагыг үйлдсэн гэж таамаглаж байна.

Халдлага үйлдэгч “Ikea”-ийн агуулахын ор дэрний цагаан хэрэглэлийн тасагт гал асаах төхөөрөмж суулгаж, барилгыг бүхэлд нь шатаахыг зорьсон ч эцэст нь бүтэлгүйтсэн гэж Литвийн прокурорууд мэдэгдэв. ОХУ түүнд амласан ёсоор бэлэн мөнгө өгөлгүй хуучин “BMW” машин өгчээ.

Халдлагын бай яагаад заавал “Ikea” гэдэг нь тодорхойгүй. Эх сурвалжийн мэдээлснээр халдлага үйлдэгч 17 настан зүүн нутгийн Шауляй хотод байрлах “Ikea”-ийн өөр салбарыг ч бас хайсан байж магадгүй.

Европын орнууд Украинд цэргийн дэмжлэг үзүүлсэн тул ОХУ тэдний үйлдвэрүүд болон бусад гол дэд бүтцийг онилсон нэг жишээ энэ болж байна. ОХУ халдлага үйлдэх хүнээ сонгохдоо зориуд “хялбар” нэгнийг онилж буйг аюулгүй байдлын шинжээчид онцлов.

Харин Литвийн ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мариус Чеснулевичус энэ талаар хэлэхдээ “Оросын хувьд нас, хүйс, үзэл суртал хамаагүй. Тэдний гол зорилго бол бидний Украинд үзүүлэх дэмжлэгийг албадан зогсоох явдал юм. Бидний Украиныг дэмжиж буй нь Кремлийн логикоор нацистуудыг дэмжиж буйтай адил” гэжээ.

Тэгвэл Литвийн Төрийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Дариус Яунискис “Оросын зорилго бол эмх замбараагүй байдал үүсгэх явдал. Бид Европт хэдийнэ дайны бүсэд орчихсон. Дэлхийн гуравдугаар дайнд тавтай морил” гэсэн юм.

 

 

                                                                                                                       ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд