Өнгөрөгч сонгуулиар хүний аминд хүрсэн П.Отгонбаатарын ялыг 5 жилээр бууруулжээ

Өнгөрөгч сонгуулиар хүний аминд хүрсэн П.Отгонбаатарын ялыг 5 жилээр бууруулжээ

Хуваалцах Жиргэх

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийг тус сумын МАН-ын ухуулагч П.Отгонбаатарын гарт амиа алдсан хэрэг өнгөрсөн сонгуулийн үеэр гарсан.

Тодруулбал, П.Отгонбаатар нь УИХ-ын 2024 оны сонгуулийн 1 дүгээр тойрогт МАН-аас  нэр дэвшигч Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан аж.

Тус хэргийн анхан шатны шүүх хурал /2025-01-23/-ны өдөр Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, П.Отгонбаатарт 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарсан байдаг.

Ингэхдээ П.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасан, "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах", мөн хуулийн 10.1.2.14-д заасан, "Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан" гэдэг зүйл ангиар яллаж, Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрлэсэн.

Гэтэл П.Отгонбаатар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 15-ны өдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байна.

Тухайлбал, П.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасан, "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна хэмээн үзжээ. Харин түүнийг Эрүүгийн хуулийн 10.1.1 дэх хэсэгт заасан "Хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн хэмээн түүнд оноосон 15 жилийн хорих ялыг 10 жил болгож, хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх болжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд