Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2019 онд батлагдсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг ардчиллын суурь зарчмууд болох иргэдийн мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй сонгох, шударгаар өрсөлдөх зэрэг эрхийг зөрчсөн гэж үзэн өөрчлөлт оруулахыг иргэд шаардаж, D-Parliament.mn дээр цахим өргөдөл гаргаж, иргэдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тэгвэл уг хуулийг санаачилсан телевизийн захирлуудын нэг, "Гэрэл плас медеа" группын үүсгэн байгуулагч Ж.Отгонбаяр байр сууриа илэрхийллээ.
-2017 онд би Эх орон гэх телевизийн захирлаар ажиллаж байсан. 2018 оноос уг хууль яригдаж эхлээд 2019 оны сүүлд баталж, 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Анх хуулийн зорилго үндэсний контент үйлдвэрлэх, хүүхдүүдийн контент үйлдвэрлэх, үндэсний кино урлагийг дэмжих, өв соёлоо дэмжих чиглэлтэй байсан. Гэтэл өнөөдөр хуулийнхаа зорилгыг мартаад телевизийн эздүүд зөвхөн мөнгө аваад суугаад байгаа. Үндсэндээ IP тв хэрэглэж байгаа айлууд буюу 800 мянган хэрэглэгч байна. 2500 төгрөг хүчээр авч байгаа. Энэ авч байгаа үнийн дүн нь нэг телевиз дунджаар нэг сард 80-100 орчим сая төгрөг. Хуулийн зорилго анхнаасаа үндэсний контент үйлдвэрлэх, хамгийн сайн хийсэн телевизүүд нь илүү их мөнгө аваад илүү контент үйлдвэрлээд явах байсан ч одоо жигд хуваагаад явсан.
Хууль дээр би 3 асуудлыг цохон гаргаж ирмээр байна.
Нэгдүгээрт, уг телевизийн эздүүд үндсэндээ бүгд нэг намын эздүүд болсон. 18 телевиз мэдээллийн тэнцвэргүй байдлыг шууд харуулж байна. Нэг ёсондоо нэг талыг хэт их барьдаг. 4 жил нэг өнцгөө барьж ямар нэгэн зүйл хийж байна.
Хоёрдугаарт, анхнаасаа сонголт байх ёстой байсан. Тэр хэрэгжээгүй. Жишээ нь: би юнивишн хэрэглээд уг 18 телевизийг сонгохгүй байх ёстой. Би үндэсний телевизийг үнэндээ үздэггүй. Яагаад би үндэсний телевиз-д нэг сард 2500-5000 төгрөг төлөх ёстой юм. Яагаад 18 телевиз яг энэ арга замаар яваад байгаа юм.
Тухайн 18 телевиз өнөөдөр 4 жил мөнгө аваад сайжирсан нь бараг байхгүй, нэг хоёрыг эс тооцвол. Цаанаа том компанитай 2 телевиз л ийм сайн үзүүлэлттэй явж байгаа. Бусад нь юу ч хийхгүй байна. Тийм учраас энэ хуулийг эргүүлэн татах нь зүйтэй. Энэ хуулийг бүр хэрэггүй болгох хэрэгтэй гэж бодож байна.
Нөгөө талдаа өргөн болон арилжааны гэж ангилчихаад байна. Юугаар ангилж байгаа вэ гэхээр Хоёр цаас л байдаг. Нэг нь өргөн нөгөөх нь арилжааны гэсэн. Өмнө нь аналоги системтэй байсан болохоор агаагаар гэж өргөн нэвтрүүлэг цацдаг байсан гэдэг утгаараа өргөн байсан. Одоо бол бүгд тоон систем рүү шилжчихсэн учир ялгаагүй. Арилжааны телевизүүдтэй чөлөөт өрсөлдөх зах зээлүүдийг нь хаагаад хаячихсан.
Жишээ нь, би Парламент телевизийн 49 хувийг эзэмшиж байна. Гэтэл өргөн нэвтрүүлгийн тв гэж юнивишний 1-18 хүртэл байршуулчихсан. Гэтэл хүмүүс удирдлагынхаа 20 хүртэлх товчийг л дардаг. Цааш явуулдаггүй. Улаанбаатар хотод 70 гаруй телевиз үйл ажиллагаагаа явуулж байна. Үлдсэн телевизүүд хойшоогоо байхаар хүн үзэхгүй шүү дээ. Нэг ёсондоо тэд хэрэглэгчдээс мөнгө аваад бид зах зээлийнхээ зарчмаар явах гээд өрсөлдөж чадахгүй байна.
Нөгөө талдаа, үнэнийг хэлэхэд телевизүүд стандарт гэдэг зүйл тогтоогоод хүн үздэггүй телевизүүдийг хаах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар амьдраад байдаг. Өргөн нэвтрүүлгийн телевизээр сугалаа явуулж байна. Яагаад сугалаа явуулаад байгаа юм, яагаад өнөөдөр зам тээврийн ослын талаар юу ч хийхгүй байгаа юм. Яагаад өнөөдөр цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх ажил, галын аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх чиглэлээр нэг ч нийгмийн чанартай контент, нийгэм рүү чиглэсэн зүйл хийхгүй байна. Бид хэрэгтэй зүйлийг нь хийгээд шторк цацуулъя гэхээр тухайн телевизүүд цацаж өгдөггүй. Биднээс буцаагаад мөнгө нэхдэг. Яагаад биднээс мөнгө авчхаад тийм зүйл гаргахгүй байгаа юм.
Одоо бүх сувгаар гадны кино гарч байна. Үндэсний контент гарахаа больсон, хүүхдийн контент гарахаа больсон, боловсролын контент гарахаа больсон, Монгол Улсын түүхэн контентууд гарахаа больсон. Юу ч гарахаа больсон байна. Зүгээр сугалаа гардаг болсон, хэдэн дарга нар ярьж байдаг болсон. Ийм учраас уг хуулийг болих хэрэгтэй.
Тухайн үед 18 телевизийн гүйцэтгэх захирлууд бид дэврүүн мөрөөдлөөр хийсэн юм шиг байна тухайн хуулийг хийхдээ. Сайн болгочих юмсан гэсэн бодлоор. Гэтэл өнөөдөр байгаа удирдах албан тушаалтан хүмүүс нь хуулиа мартсан.
Мөнгө аваад, машин нь томроод сууж байгаа. Өргөн нэвтрүүлгийн телевизүүд бүх төрийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Бусад сонин, хэвлэлүүд хамтран ажиллаж чадахгүй болчихоод байгаа юм. Төрийн байгууллагууд зөвхөн тэд нартай хамтран ажиллана гээд бараг бүтнээр нь хэвлэлийн байгууллагыг худалдан авч байна шүү дээ.
Яг үнэндээ тухайн үед хууль баталж байхад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг телевизүүд дэмжиж байсан уу гэвэл дэмжиж байсан. Гэхдээ бид бүх зүйлээ, бүх үзэл санаа, редакцын бодлогыг тэр чигт нь нэг намын өмнө тавьчихаж болохгүй байна. Өнөөдөр сэтгүүл зүй байхгүй болчихсон. Хаана байгаа юм. Засгийн газрын бодлогыг муулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага хэдэн сайтуудаас өөр байхгүй болчихсон. Бүх л нэвтрүүлэг бүх л зүйлээр нөгөө дарга нар гарч байдаг болсон.
Гэтэл өнөөдөр нийгмийн байдал ямар байдалтай байгаа билээ. Гэр хорооллоор яваад үзэх хэрэгтэй. Хүүхдүүд хагас өлсгөлөнгийн байдалтай байна. Гэтэл өргөн нэвтрүүлгийн телевизүүд юу сурвалжлаад байгаа юм. Тэгэхээр хуулиа мартсан, уг хуулийг болих хэрэгтэй гэж бодож байна.
Өргөн нэвтрүүлгийн телевиз нь төрийн бус байгууллага. Энэ бол тайлангаа тавих ёстой. Тайлан нэг ч тавиагүй. Тайлангаа хэд болсон, ямар контент гаргасан гэх зэрэг зүйлүүдээ юу ч мэдэхгүй. Бидэнд хүүхдийн контент ерөөсөө байхгүй, дандаа гадны контентыг худалдан авч байгаа.
Уг хуулийн зорилго нь үндэсний контентыг дэмжих байсан. Гэтэл өнөөдөр үндэсний контент үйлдвэрлэж байгаа продакшн, жүжигчид, уран бүтээлчид бүгд гадагшаа гараад явчихсан. Эсхүл бүгдээрээ хувиараа юм хийж байгаа. Гэтэл телевизийн салбар нь хүний нөөцийн бодлогоо дэмжинэ гэх зэрэг их сайхан сайхан зүйл ярьсан одоо энэ NTV телевизийн захирал Баярбат захирал чи бол болих хэрэгтэй гэж би хэлмээр байна.
Одоо өргөн нэвтрүүлгийн холбооны, Монголын телевизүүдийн холбоо гээд байгаа 18 телевиз өөрсдийгөө нэрлэчихсэн. Эдгээрийн 2, 3 нь л хувийн эзэдтэй, бусад нь бүгд нэг намын эзэдтэй байгаа. Нэг ёсондоо бид намын хэвлэл мэдээллийг ард түмнээрээ тэжээгээд байгаа юм.