УИХ-ын дарга Улсын дээд шүүхийн шүүгчдийг Их тэнгэр дэх гэртээ урьж золгожээ

УИХ-ын дарга Улсын дээд шүүхийн шүүгчдийг Их тэнгэр дэх гэртээ урьж золгожээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Цагаан сарын өдрүүдэд Улсын дээд шүүхийн шүүгчид болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг урьж, Их тэнгэр дэх гэртээ золголт хийжээ. Улсын дээд шүүхийн шүүгчид УИХ-ын даргынд очиж золголт хийснээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг ч урьж золгосон байж болзошгүй байгаа учраас хуульч Б.Гүнбилэг Үндсэн хуулийн Цэцийн гишүүд УИХ-ын даргынд очиж золгосон уу гэдэг мэдээлэл өгөх хүсэлтийг Цэцэд тавиад байгаа билээ.

Түүний хүсэлтэд “ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД

Мэдээлэл хүсэх тухай

Улсын дээд шүүхийн шүүгчид 2024 оны 2 дугаар сарын 11-ны өдөр УИХ-ын дарга Г. Занданшатарын Их тэнгэр дэх гэрт зочилж, цагаан сарын золголт хийсэн байна. Үүнтэй холбогдуулан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Шүүхийн тухай хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа болно. Гэвч мэдээллийг Цэцэд гаргахаас өмнө дараах мэдээллийг авах хүсэлтэй байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүд Цэцийн маргааны харьяалалд байдаг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын гэрт очиж золгосон уу? Золгосон бол хэн хэн очиж золгосон бэ?

Энэ мэдээллийг гаргагч миний бие их дээд сургууль болон хуульчдын үргэлжилсэн сургалтанд Үндсэн хуулийн эрх зүй хичээл заадаг бөгөөд энэхүү мэдээлэл нь ямар нэгэн нууцын зэрэглэлтэй асуудал биш тул танай байгууллага энэ мэдээллийг гаргаж өгнө гэж найдаж байна. 

Үндсэн хуулийн цэцийн тамгын газар албан ёсоор золголтын тэмдэглэл хөтөлсөн байдаг бол тэмдэглэлтэй танилцах хүсэлтэй байна.

Хуульч Б.Гүнбилэг” гэжээ.

Уг нь төрийн  золголтыг Цагаан сарын шинийн 1-нд Төрийн ордонд зохион байгуулдаг уламжлалтай. Гэтэл Их хурлын дарга Г.Занданшатар Цэц, Дээд шүүх, хэвлэл мэдээллийн байгууллага гэх мэт салбарын төлөөллийг Их тэнгэр дэх гэртээ урьж золгодог уламжлал тогтоожээ. УИХ-ын дарга Цэц, Дээд шүүхийн шүүгчдийг урьж золгосон нь хуулийн хоёр зөрчилтэй байгаа юм.

Нэгд, УИХ-ын дарга төрийн золголт гэртээ хийсэн бол Төрийн хэмнэлтийн хууль зөрчсөн. Учир нь төсөвт УИХ-ын даргын золголтод зориулж санхүүжилт тавиагүй бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хориглосон байдаг.

Хоёрт, хэрвээ төрийн бус хувийн золголт зохион байгуулсан бол шүүгчид Шүүхийн тухай хуулийг зөрчиж байгаа юм. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн

44.1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

44.2.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11.1.6, 11.1.7, 11.1.8, 12.1.4-т заасан этгээд нь шүүгчтэй албан ажлаар уулзах тохиолдолд тэмдэглэл хөтөлж, баталгаажуулан тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд ажлын гурван өдрийн дотор өгөх үүрэгтэй. Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хэлэлцэх болон албан ёсны тэмдэглэл хийгдэх бусад үйл ажиллагааны явцад шүүгчтэй уулзсан тохиолдолд тэмдэглэл хөтөлж, баталгаажуулах үүргээс чөлөөлөгдөнө” гэж заасан байдаг.

Хэрвээ Цэцийн гишүүд болон Улсын дээд шүүхийн шүүгчид УИХ-ын даргатай албаны бус хувийн харилцаа үүсгэн золгосон бол хууль зөрчсөн гэсэн үг юм. Тиймээс хуульчид УИХ-ын дарга Г.Занданшатарыг Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж золголт зохион байгуулсан гэж Цэцэд хандахаар ярьж байгаа аж.

Улс төрийн нам, улстөрчидөөс хараат бус байх ёстой Цэцийн гишүүд, Дээд шүүхийн шүүгчид УИХ-ын даргын гэрт очиж золгосон нь хуулийн зөрчлөөс гадна Цэц, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг алдуулах, ажил мэргэжлийнхээ нэр хүндийг унагаах сөрөг үр дагавартай. Цэцийн гишүүд, Дээд шүүхийн шүүгчид үнэн, худлыг дэнсэлдэг, эцсийн шийдвэр гаргадаг албан тушаалтнууд. Гэтэл даргын гэрт очиж золгочихоод хараат бусаар үйл ажиллагаа явуулж чадна гэдэг нь ч эргэзлээтэй. Магадгүй ганц золголтын асуудал мэт боловч Монгол Улсын шүүхийн хараат бус байдал, иргэдийн итгэлийн асуудал билээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд