Б.Батцэцэг сайд

Б.Батцэцэг сайд "Элчин сайд Б.Энхсүхийн холбогдсон ёс бус үйлдлийг нийтэд мэдээлэхгүй байх"-ыг үүрэгдсэн үү

Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан  Б.Энхсүхийг Англи улсад суух Элчин сайдын албан тушаалд одоогоос хоёр жил гаруйн өмнө буюу 2021 оны арванхоёрдугаар сар /2021.12/-д томилсон байдаг. Томилогдсон даруйдаа нэлээд хэл аманд өртөж байсан ч түүнд хариуцлага хүлээлгэсэн талаарх мэдээлэл ил болсон удаагүй. 

Тэгвэл Элчин сайд Б.Энхсүх нь саяхан дахин гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.  Монгол  Улсаас  Их  Британи  Умард  Ирландын  Нэгдсэн  Хаант Улсад суугаа Элчин сайдын яам 2023 оны арванхоёрдугаар сарын 30 /2023.12.30/-ны өдөр "Шинэ жилийн арга хэмжээ"-г Лондон хотод тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Тус арга хэмжээний үеэр ЭСЯ-ны ажилчид хоорондоо ёс зүйгүй харилцааны улмаас маргалдаж, агсам тавьж бие биедээ гэмтэл учруулжээ. Энэ тухай дуудлага мэдээлэл тухайн улсын хуулийн байгууллагад мэдээлэгдсэний дагуу цагдаагийн алба хаагчид ирж, уг асуудлыг шалгаж эхэлсэн байна. 

 Монгол  Улсаас  Их  Британи  Умард  Ирландын  Нэгдсэн  Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан эмэгтэй нь Элчин сайд Б.Энхсүхтэй дотно харилцаатай байсныг тухайн эмэгтэйн нөхөр мэдэж улмаар эхнэрийнхээ биед халдаж, хүнд гэмтэл учруулсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байж болзошгүй байна.

АНГЛИЙН ЦАГДАА МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ РУУ ДУР МЭДЭН НЭВТЭРСЭН ҮҮ ЭСВЭЛ ЭЛЧИН САЙД Б.ЭНХСҮХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН ҮҮ

Өдгөө уг асуудлыг Их Британийн хуулийн байгууллага шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм. Олон улсын дипломат харилцааг НҮБ-ын 1961 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн баталсан "Дипломат харилцааны тухай Вений конвенц"-оор зохицуулж ирсэн. Энэхүү конвенцийн дагуу гадаад улсад суух Элчин сайдын яам, консулын газар, дипломат төлөөлөгчийн газар байрлаж буй хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаардаг. Гэтэл энэхүү конвенцийг зөрчин Лондон дахь манай улсын Элчин сайдын яаманд Английн цагдаагийн байгууллагын алба хаагчид дур мэдэн нэвтэрч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь мөн анхаарал татаж байна. 

Дипломат харилцааны тухай Вений конвенц”-ийн 22 дугаар зүйлийн 1-д “Төлөөлөгчийн газрын байр халдашгүй байна. Хүлээн авагч улсын эрх мэдэлтэн төлөөлөгчийн газрын тэргүүний зөвшөөрөлгүй тэрхүү байранд орж үл болно" гэж тухайн байгууллагын гадна Англи, Испани, Орос, Франц, Хятад хэл дээр бичсэнийг харж болж байна. Тэгэхээр төлөөлөгчийн газрын тэргүүний алба хашиж байгаа Элчин сайд Б.Энхсүх нь Лондоны цагдаад зөвшөөрөлч өгч оруулсан уу, эсвэл шууд тухайн улсын хуулийн байгууллагаа конвенцоо зөрчиж халдашгүй байранд халдсан уу гэдэг асуулт хариултаа нэхэж байна.

Харин энэхүү хэрэг явдлын талаар Монгол Улсын Гадаад харилцааны яам мэдэж, мэдээлэл авсан ч Элчин сайд Б.Энхсүхэд хариуцлага тооцохгүй байгаа нь ямар нэгэн эрх ашгийн зөрчил байгаа юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, Гадаад харилцааны яамны эрх бүхий албан тушаалтнууд "Энэ хэргийг нам дарж, хэл ам гаргахгүй байх"-ыг холбогдох албаныханд анхааруулсан гэх мэдээлэл байгаа юм. Гэтэл дээрх үйл явдал нь Элчин сайд Б.Энхсүхийн ёс зүйн асуудлаас гадна, Монгол Улсын иргэнийг эрх зүйн байдал дордох, цаашлаад магадгүй тусгаар Монгол Улсын Элчин сайдын яам руу нэвтэрсэн зэрэг асуудал үүсэх эрсдэлийг дагуулж байна. 

Бид энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Одоогоор энэ талаарх албан ёсны мэдээлэл алга байна" гэх хариултыг өгсөн юм.  Ямартай ч гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэж, улмаар нэгнийхээ биед халдсан уг асуудлыг Их  Британи  Умард  Ирландын  Нэгдсэн  Хаант Улсын хуулийн байгууллага шалгаж байгаа аж. Харин тус асуудлыг үүсгэсэн гэх Б.Энхсүхэд ямар нэгэн хариуцлага тооцох эсэх асуудал одоогоор хөндөгдөөгүй, энэ мэдээллийг задруулахгүй байхыг үүрэгдсэн гэх мэдээлэл байгаа юм гэжээ.  



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд