Монгол Улс аз жаргалын индексээр 143 орноос 77-т оржээ

Монгол Улс аз жаргалын индексээр 143 орноос 77-т оржээ

Монгол Улс аз жаргалын индексээр 143 орноос 77-т орсон байна. 2022 оны эрэмбэд 61 дүгээрт жагсаж байсантай харьцуулбал энэ нь 16 байр ухарсан үзүүлэлт болж буй. Үүнд авлига гаарч, эрх чөлөө хумигдсан зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлжээ.

НҮБ энэ жилийн дэлхийн аз жаргалын тайлангаа нийтэлсэн. Тус тайланд дэлхийн орнуудыг аз жаргалын индексээр жагсаахад 2023 оны хамгийн жаргалтай орноор Финланд тодорсон байна. Ингэснээр тус улс долоо дахь жилээ дараалж дэлхийн хамгийн аз жаргалтай орноор тодроод буй.

Финландаас гадна Дани, Исланд, Швед, Скандинавийн орнууд эхний 10-т жагсжээ. НҮБ аз жаргалын индексийг хувь хүний амьдралын сэтгэл ханамж, нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн халамж, дундаж наслалт, эрх чөлөө, авлига гэх мэт зүйлсийг харгалзаж тогтоодог байна.

Тэгвэл Монгол Улс хэдийгээр эдийн засгийн өсөлтөөр тэргүүлэгчдийн эгнээнд багтаж буй ч өсөлтийг хүртээмжтэй, тогтвортой байлгах талд сорилтууд их байгаагийн зэрэгцээ “Transparency International"-ийн судалгаагаар 2017 оноос хойш авлигын төсөөллийн индексээр тасралтгүй муудаж буй 10 улсын нэг болсонтой шууд хамааралтай гэж ойлгож болно.

2022 оны Авлигын индексээр манай улс "Авлига эрчимтэй өсөж буй 10 орны нэг"-т орсон юм. Тэгвэл "Авлигын төсөөллийн индекс 2023"-т Монгол Улс 33 оноогоор 121 дугаарт эрэмбэлэгдэж, түүхэн доод оноо авсан. Түүнчлэн сүүлийн есөн жилд Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр зургаан оноо унаж, 48 байр ухарчээ. Түүхэндээ хамгийн дээд оноо авсан нь 2015 онд 72 дугаарт эрэмбэлэгдэхдээ 39 оноотой байв.

Мөн Олон улсын 2023 оны Ардчиллын олон талт байдлын үнэлгээгээр "Ардчиллаас эрчимтэй ухарч буй 7 орны нэг"-ээр манай улсыг "шалгаруулсныг" энд дурдах нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд