Авто зам дээр тогтсон 7830 тонн усыг соруулжээ

Авто зам дээр тогтсон 7830 тонн усыг соруулжээ

Өнөөдөр /2024.04.01/ 09:00 цагийн байдлаар авто зам дээр ус тогтсон болон шар усны долоон дуудлага, мэдээлэл ирсэн болохыг хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

  • Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Айдсын даваа явах замд усны шуудуу хааж элс шороо асгасны улмаас Жаргалан эко, Санни сатурн, Монгол хаус хотхон орчим ус тогтож, иргэд, машин зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын таван ажилтан, нэг машин, Онцгой байдлын хэлтсийн гурван алба хаагч нэг машинтайгаар ажиллаж, хяналт шалгалтыг зохион байгуулж, Эн Ар Жи сервис ХХК-д шороон далан босгох, усыг соруулах, үүрэг чиглэл өгсөн.
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Архивын ерөнхий газраас урагш Жаргалантын ам Төв аймгийн авто зам дээр ус тогтсон дуудлагын дагуу Геодези усны барилга байгууламжийн газраас найман хүн, ус соруулах автомашин хоёр, Онцгой байдлын 12 алба хаагч хоёр машин, 150мм голчтой зөөврийн нэг мотопомптой ажиллаж эхний ээлжинд авто замын ус зайлуулах шугамын шүүрийг онгойлгож, 124 тонн ус соруулсан.
  • Сонгинохайрхан дүүргийн 6, 23-р хороо Намгийн сувгийн усыг Геодези усны барилга байгууламжийн газраас 100 тн усыг соруулсан.
  • Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармагийн зам дээр тогтсон усыг Геодези усны барилга байгууламжийн газраас нэг рейсээр 10 тонн ус соруулсан.
  • Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнэ 2 дугаар гудамжны тоот иргэний 8*8 хэмжээтэй байшин руу шар усны ус урсаж орсон дуудлагаар Онцгой байдлын хэлтсийн 4 алба хаагч, нэг автомашинтай ажиллаж гурван тонн орчим ус мотопомпоор соруулсан.
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 1, 4 дүгээр гудамжны айл өрхүүдийн хашаа гэрт ус ороод байна гэх дуудлагаар Онцгой байдлын хэлтсийн 3 алба хаагч, 1 автомашинтайгаар помп ашиглан шар усыг соруулжээ.
  • Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн 2б хэсгийн гэр хорооллын гудамж шар усны үерийн улмаас усанд автсан дуудлагаар Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч нэг машин хоёр мотопомтойгоор ажилласан.

Өнөөдрийн байдлаар нийт 72 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу найман байгууллагын давхардсан тоогоор 369 алба хаагч, 94 автомашин механизм, 17 мотопомптой ажиллаж 7,830 тонн ус соруулжээ.

Түүнчлэн 5,404 метр суваг татаж, гурван гүүрний сувагчлал гаргаж, 155 тонн мөс, гурван тонн лаг шавар зөөвөрлөн, 35 метр ус зайлуулах шугам хоолой онгойлгож, 3,570 метр шороон далан босгож 127 айл, өрх, хоёр аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангаж, Баянзүрх дүүрэгт найм, Сонгинохайрхан дүүрэгт нэг, нийт есөн айл, өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд