Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 37 үүрэг даалгавар өгсөн бөгөөд 88.9 хувийн биелэлттэй байгаа аж.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ долоо хоногт хот, нийтийн аж ахуйн ажилд шаардлагатай шинэ төхөөрөмжийн эхний ээлжийг хүлээж авна. Цаашдаа ч алслагдсан гурван дүүргийг мөн шинэ төхөөрөмжөөр хангана. Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1,000 америк долларт хүргэхийн зэрэгцээ тэдний хүүхдүүдийг нь гадны улсад үнэ төлбөргүй сургах боломжийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургана” гэдгийг онцоллоо.
Мөн шуурхай зөвлөгөөнөөр “Бохир усны Туул-1” коллекторын ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү танилцуулсан юм.
Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын “40,000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Бохир усны Туул-1” коллекторыг барих шийдвэрийг аль 2007 онд гаргаж байсан. Тус коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг шууд болон одоо ажиллаж байгаа Налайхын, өмнөдийн, төвийн болон 23-р коллекторуудаар дамжуулан төв цэвэрлэх байгууламжид хүргэхээр төлөвлөсөн. Дээрх ажлын хүрээнд нийтдээ 30 км шугам угсрахаас өнөөдрийн байдлаар буюу 17 жилийн хугацаанд 19.3 км шугамыг угсараад байна. Тус байгууламжийн ажлыг түргэвчлүүлэхээр холбогдох арга хэмжээг авч байгаа гэсэн юм..
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өгөв. Тэдгээрийг тодруулбал,
-Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг Төсвийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах,
-Нийслэлд дагуул хот бий болгох ажлын хүрээнд алслагдсан гурван дүүрэгт хэлэлцүүлэг зохион байгуулах,
-Энэ онд нийслэлд хийгдэх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор автозамын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааны талаар иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах, зам засварын ажлыг ирэх долоодугаар сарын 1-ний дотор бүрэн дуусгах,
-Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгавар өгсөн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС