"Бие бялдартаа анхаардаггүйгээс цэрэгт тэнцэхгүй хасагдаж байна"

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ жилийн цэрэг татлагыг зохион байгуулах ажлын үйл явцын талаар тодрууллаа.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах офицер, дэд хурандаа И.НЯМСҮРЭН:

-Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр цэргийн насны залуусыг цэргийн албанд татах үйл ажиллагаа үргэлжилж байна. Энэ жилийн хувьд цэрэг татлагын комиссыг нээлттэй явуулж байгаагаараа онцлогтой. Цэргийн комиссоор орж буй залуусын эцэг эх, ар гэрийнхэн нь шууд байдлаар цэрэг татлагын үйл ажиллагаатай танилцах боломжтой юм.

Цэрэг татлагын комиссоор орж буй залуучуудын хувьд бие бялдар, эрүүл мэндийн байдалдаа төдийлөн анхаардаггүйгээс болж цэрэгт тэнцэхгүй хасагдах тохиолдол цөөнгүй байна.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас гаргасан захирамжийн дагуу цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг дэмжих чиглэлээр өргөн хүрээний ажлууд зохион байгуулагддаг. Энэ оны тавдугаар сарын байдлаар өмнөх оны аравдугаар сарын цэрэг татлагаар орсон залуучуудын 24.6 хувь нь эрүүл мэндийн хувьд эрүүлжсэн байдалтай байна. Ингэснээр эрүүл мэндийн асуудалгүй болсон залуус дахин цэрэгт татагдах боломжтой юм. Энэ жилийн хувьд оюутнуудыг цэрэгт татаагүй боловч өөрийн хүсэлтээр явж байгаа тохиолдолд цэргийн албанд татна гэв.

Цэрэг татлагыг төвийн зургаан дүүрэгт зохион байгуулах бөгөөд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 87 хувьтай байна.

Цэрэг татлагын байранд очихдоо иргэний болон цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм. Нийслэлд хугацаат цэргийн албаны энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болно.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургууль


Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд