"S’Outlets"-ын барилгыг ирэх 7 хоногт бүрэн буулгана

Голын голдирол өөрчлөн барьсан обьектуудын газрыг яаралтай чөлөөлөх захирамжийг нийслэлээс гаргаад хагас жил гаруйн хугацаа өнгөрсөн. Гэвч олны анхаарлыг хамгийн их татаж байгаа хоёр гол обьект болох авлига хороолол буюу "Aqua garden" мөн "S’outlets" дэлгүүрийн барилгыг буулгах ажлын явц төдийлөн ахицтай биш байгаа.

S’Outlet дэлгүүрийг гуравдугаар сараас эхлэн буулгаж, дэлгүүрийн дөрвөн давхар объект, агуулах, гурван хүчдэлтэй цахилгаан эрчим хүчний дэд станцыг буулгаж, дуусгаад байна.

Үүнтэй холбоотойгоор тус дэлгүүрийн таван давхар үндсэн барилыг буулгах ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Одоогийн байдлаар төмөр бетонон хийцээр хүчитгэсэн S’Outlet дэлгүүрийн таван давхар барилгын гурван давхрыг буулгажээ. Түүнчлэн хоёр давхар төмөр бетоныг молдокдон 24 цагаар ажиллаж, нурааж байгаа аж. Дэлгүүрийн барилгыг нураах ажлыг ирэх долоо хоногт дуусгахаар төлөвлөсөн байна.

Өнгөрсөн сард S’Outlet дэлгүүрийн буурин дээр нийт 1.5 км урттай, 4-4.5 метрийн өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг барихаар тендерийг зарлаад буй.

Тухайн тендерийг энэ сарын 8-нд нээх бөгөөд нийт санхүүжилт нь 37 тэрбум төгрөг байна. Үүнээс 20 тэрбум нь S’Outlet дэлгүүрийн буурин дээр баригдах үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжид зарцуулагдах аж. Энэ жилийн тухайд есөн тэрбум төгрөгийг зарцуулна. Мөн шинжлэх ухааны үндэстэй, зураг төсөл, тооцоо судалгааг үндэслэж, үерийн даланг барина гэдгийг холбогдох албаныхан хэлсэн юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд