УДШ: Г.Буяндорж нарын гомдлыг хэлэлцэнэ

УДШ: Г.Буяндорж нарын гомдлыг хэлэлцэнэ

Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар өнөөдөр /2024.05.08/ Г.Буяндорж нарын дөрвөн хүний гомдлыг хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцэнэ.  Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 631 дүгээр шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 185 дугаар шүүхийн магадлалтай, Э.Хурцаа, Ч.Ууганбаяр, Д.Батжаргал, Г.Буяндорж нарт холбогдох хэргийг шүүгдэгч Г.Буяндоржийн өмгөөлөгч Х.Гантулга, Л.Намнансүрэн, шүүгдэгч Ч.Ууганбаярын өмгөөлөгч Э.Эрдэнэбулган, хохирогч С.Билэгт, хохирогч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм байна.

"Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж нарт холбогдох хуурамч баримт бичиг ашиглан, бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг 2024 оны хоёрдугаар сарын 7-нд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, шийдвэрлэсэн байдаг. Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Г.Буяндорж, Д.Батжаргал нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн юм.

Тодруулбал, шүүгдэгч Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгох ял оногдуулсныг хэвээр үлдээсэн. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Г.Буяндорж нарт холбогдох хэргийг өмнө нь /2023.09.29/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, шийдвэрлэсэн. Шүүхээс шүүгдэгч Ч.У, Э.Х нарыг цагаатгаж, Г.Буяндорж, Д.Батжаргал нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байдаг.

“Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Ч.У, Д.Б, БНХАУ-ын иргэн Э.Х нар нь БНХАУ-ын “Т” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК /ТӨХК/-тэй байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2 сая ам.доллараас авах зорилгоор хуурамч баримт бичиг ашиглан, төөрөгдөлд оруулж, “Дарханы төмөрлөгчийн үйлдвэр” ХК /ТӨХК/-өөс 1.200.258 ам.доллар шилжүүлэн авч, залилсан, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж нь илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 13.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, ял оноосон байдаг.

“Сэлэнгэ ноёд” группийн ерөнхий захирал Г.Буяндорж гэр бүлийн хамт  /2021.03.03/ прокурорын байгууллагын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийж байв. Тэр үед Г.Буяндорж “2011 оноос хойш надад Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тухайн хүн 2014 онд Монгол Улсаас гарсан байдаг. Энэ хугацаанд тус хэрэгт холбогдох давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болсны эцэст Улсын дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш хэмээн дүгнэсэн. Тиймээс 2020 оны дөрөвдүгээр сард хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Товчхондоо хэрэг шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьсан прокуроруудын буруутай үйлдэл гэж Улсын дээд шүүх үзсэн.  Тухайн үед хил хаалттай байхад  шүүх хурал дээр Шан Ду Шэнь нь гэнэт Монгол Улсад нэвтэрч, дөрвөн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцсон. Өөрөөр хэлбэл, Шан Ду Шэнь нь Хятадаас Монголын прокуроруудыг удирддаг гэж хардаж байна. Тиймээс Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд:

  • 2011-2021 оны хооронд арван жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 5-6 прокуроруудад ёс зүйн хариуцлага хүлээлгэх,
  • Нэр дурдагдсан Хятад иргэнтэй холбоотой 47 тэрбум төгрөгийн  мөнгө угаасан хэрэг дээр ажлын хэсэг байгуулж, шалгах,
  • Өөрийг нь хохироосон нэр бүхий этгээдүүдтэй холбоотой залилангийн хэргийг шүүхэд шилжүүлэх зэрэг шаардлагыг хүргүүлнэ.

Дээрх шаардлагад 72 цагийн дотор хариу өгөхгүй бол би Хэлмэгдсэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлана. Ерөнхийдөө Үндсэн хуулийн язгуур зарчмыг прокурорууд ноцтой зөрчиж байна. Сэтгэл санаа, нэр хүндийн, хүний эрхийн яргалал хийж, бидний эрхэнд халдаж байна.  2011 оноос хойш намайг болон миний гэр бүлийг шударга бусын хонгилоор чирсэн прокуроруудыг ийнхүү шалгуулахаа мэдэгдэж байна. Түүнчлэн шударга ёсыг нэхэж буй  энэ шаардагыг  маань холбогдох газрууд  хүлээж авч, нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх хүртэл Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хүрээнд суулт хийж, шаардлагатай гэж үзвэл тэмцлийн хүнд хэлбэр болох өлсгөлөн зарлах хүртэл арга замаар тэмцэхээ үүгээр илэрхийлж байна" гэдгийг хэлж байв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд