СОГТУУРСАН ҮЕДЭЭ СУРАГЧ ЗОДСОН ДАСГАЛЖУУЛАГЧ Ж.ЗОРИГОО: ЗААЛАНД ХОЁР ХҮҮХЭД НОЦОЛДОЖ БАЙХААР НЬ НЭГИЙГ НЬ ӨШИГЛӨЖ, ТОЛГОЙ РУУ НЬ ЦОХИСОН НЬ МИНИЙ БУРУУ БОЛЛОО

СОГТУУРСАН ҮЕДЭЭ СУРАГЧ ЗОДСОН ДАСГАЛЖУУЛАГЧ Ж.ЗОРИГОО: ЗААЛАНД ХОЁР ХҮҮХЭД НОЦОЛДОЖ БАЙХААР НЬ НЭГИЙГ НЬ ӨШИГЛӨЖ, ТОЛГОЙ РУУ НЬ ЦОХИСОН НЬ МИНИЙ БУРУУ БОЛЛОО

 Төв аймгийн Угтаалцайдам сумд Ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчаа зодсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тодруулбал, тус сумын Ерөнхий боловсролын багш Ж.Зоригоо согтуурсан үедээ сурагч Б.Б-г биеийн тамирын хичээлийн үеэр зодож, гэмтээсэн гэх. Сурагчийн биеийн байдал ямар байгаа талаар тус сургуулийн захирлаас тодруулахад “Согтуудаа хүүхэд зодсон гэх багш манай сургуулийнх биш. Сумын олон нийтийн сүлжээгээр манай сургуульд албан ёсоор багшилдаг багш сурагчаа зодсон мэт мэдээлэл цацагдсан байна лээ. Хүүхэд зодсон гэх Ж.Зоригоо манай сумын дасгалжуулагч юм. Тухайн үед юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Сурагчийн биеийн байдал хэвийн байгаа ч хэдэн өдрийн чөлөө авсан гэсэн” гэв.

Харин согтуудаа сургуулийн сурагч зодсон гэх Угтаалцайдам сумын дасгалжуулагч Ж.Зоригоотой холбогдож, тухайн үед юу болсон талаар тодрууллаа.

-Таныг согтуурсан үедээ хүүхэд зодсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үнэн үү?

    -Би тэр өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь үнэн. Тэр үедээ биеийн тамирын багштай уулзахаар сургуулийн заал ортол хоёр хүүхэд ноцолдож байсан. Тэгэхээр нэгнийх нь хүзүү рүү цохиж, хөл рүү нь өшиглөсөн байна лээ. Тухайн үйл явдлыг сайн санахгүй байгаа. Үнэхээр миний буруу болсон.

-Хэддүгээр ангийн сурагч байсан бэ. Таны шавь уу?

     -Би сумандаа үндэсний бөхийн дугуйлан хичээллүүлдэг юм. Зааланд ноцолдож байсан хоёр сурагч миний дугуйланд явдаггүй байсан. Зургадугаар ангийн хүүхдүүд байсан. Тэднийг үгэнд орохгүй болохоор нь гар хүрчихсэн байна лээ. 

-Хүүхдийн биеийн байдал ямар болон сэтгэл санааны байдал нь ямар байгаа вэ. Та уулзсан уу?

     -Хүүхэд аймгийн эмнэлэгт үзүүлчихээд ирсэн байна лээ. Эмч нар тархи нь хөдөлсөн, бага зэргийн хөхрөлттэй байна гэсэн онош хэлсэн гэсэн. Тийм болохоор хичээлээсээ хэдэн өдрийн чөлөө авчихсан гэртээ хөдөлгөөн багатай байгаа. Би хүүхэдтэй уулзаж чадаагүй.

-Та хэдэн жил дасгалжуулагчаар ажиллаж байгаа вэ?

     -Би 40 гаруй жил үндэсний бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Угтаалцайдам суманд ирээд жил гаруй болж байна. Долоо хоногийн таван өдөр дугуйлангаа хичээллүүлдэг.

-Хүүхдийн эцэг, эх гомдолтой байгаа юу. Таныг хуулийн байгууллагаас шалгаж байгаа юу?

      -Би хүүхдийн эцэг, эхтэй уулзаж, уучлалт гуйж, биеийн байдлыг нь асуусан. Намайг хуулийн байгууллагаас шалгаагүй.

Энэ талаар хохирогч хүүгийн ээжтэй холбогдож, нөхцөл байдлын талаар тодруулахад түүний ээж тайлбар, мэдээлэл өгөхгүй” гэсэн юм.

Сүүлийн үед цэцэрлэг, сургуулийн багш нар хүүхдүүдээ зоддог, дээрэлхдэг, элдвээр хэлдэг ёс зүйгүй үйлдэл олон нийтийн сүлжээнд цацагдах болсон. Үүнтэй холбоотойгоор багш нарын ёс зүйн асуудал ихээр яригдах болсон билээ. Иймд багш нар хүүхдүүдтэйгээ зөв зохистой, ёс зүйтэй харилцах нь чухал болоод байгаа. Сүүлийн үед багш нарын гаргасан ёс зүйгүй үйлдлийн зарим жишээг дурдъя.

-Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн багш хүүхдүүдийн толгой руу цохиж, зодож буй бичлэг өнгөрсөн дөрөвдүгээр сард цацагдаж, тус багшид ёс зүйн арга хэмжээ авсан байдаг. Мөн өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард тус цэцэрлэгийн соробан сампингийн багш хүүхдүүдийг зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд ил болж байлаа. Эцэг, эхчүүдийн гомдлын дагуу хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд тус багш хүүхдүүдийн толгой руу цохиж, нүүр рүү нь алгадаж байсан нь ил болж байлаа.

-2022 онд 97 дугаар сургуулийн багш хүүхэд зодож буй нь мөн хяналтын камераар ил болж байлаа.

-13 дугаар сургуулийн биеийн тамирын багш гуравдугаар ангийн 16 эрэгтэй хүүхдийг зодож байв.

-Дорнод аймгийн Халхгол сумын багш А гэрийн даалгавар хийгээгүй гэх шалтгаанаар сурагчдаа зодож буй бичлэг 2022 онд ил болж байлаа. Тэрээр тус суманд физикийн багшаар түр ажиллаж байхдаа бусдын биед халдаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

 

 

 

 

СОГТУУРСАН ҮЕДЭЭ СУРАГЧ ЗОДСОН ДАСГАЛЖУУЛАГЧ Ж.ЗОРИГОО: ЗААЛАНД ХОЁР ХҮҮХЭД НОЦОЛДОЖ БАЙХААР НЬ НЭГИЙГ НЬ ӨШИГЛӨЖ, ТОЛГОЙ РУУ НЬ ЦОХИСОН НЬ МИНИЙ БУРУУ БОЛЛОО


Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд