Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгжлийн банкийг “дампууруулалцсан” гурвалын нэг “шарк” Г.Амартүвшин жийгдэж, харин Х.Ганхуяг, Г.Дамдинням нар нэр дэвшихээр зэхэж эхэлжээ. Нэгэн цагт хамаарал бүхий компанидаа Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгч, “халаас нэгтэй” явсан гурвал энэ сонгуулиар нэгнээ жийж үлдээгээд нөгөө хоёр нь нэр дэвшиж, парламентын суудалд горилох бололтой.
-Г.АМАРТҮВШИН, Х.ГАНХУЯГ, Г.ДАМДИННЯМ НАРЫН ХӨГЖЛИЙН БАНКНААС 33 ТЭРБУМ ТӨГРӨГ “ИДСЭН” ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ-
Хөгжлийн банк дампуурал зарлах эрсдэл дээрээ тулж байх үед олны анхаарлыг хамгийн их татсан хэрэг нь Г.Амартүвшингийн хамаарал бүхий компанидаа 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн явдал байв. Тухайлбал, “шарк” Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллах байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Х.Ганхуяг, Г.Дамдинням нартай хамтран эзэмшдэг “Вертекс майнинг партнер” ХХК-даа 33 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Харин үүнтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарыг шалгаж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, хуурамч бичиг баримт үйлдэн зээл гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан билээ. Түүнчлэн шалгалтын явцад Хөгжлийн банкнаас хамаарал бүхий компанидаа гаргуулж авсан 33 тэрбум төгрөгийг зориулалтын бус аргаар ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байсан. Улмаар прокурорын зөвшөөрөлтэйгөөр АТГ-аас Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-ийн оффис болон тэдний ах, дүү нарынх гэрт нэгжлэг хийсэн байдаг.
Харин Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням “халаас нийлдэг” “Вертевс майнинг партнер” ХХК нь анх 2017 онд уул уурхайн олборлолтоороо үндэсний тэргүүлэгч болох зорилгоор байгуулагдсан, 1000 гаруй ажилтантай гадаад худалдаа, автомашины худалдаа, түрээс, засвар, сэлбэг, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компани. Хөгжлийн банкнаас зээл авахаасаа өмнө тус компани “Хас” банкны барьцаанд байсан гэдэг. “Вертевс майнинг партнер” ХХК-ийг анх Х.Ганхуяг, Г.Дамдинням нар үүсгэн байгуулж, Х.Ганхуягийн эгч Х.Хашчимэг хариуцан, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан бөгөөд түүнээс гадна Г.Дамдинням Х.Ганхуягийн “Хера Инвестмент” компанид хувь эзэмшдэг гэсэн баримтууд ил болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нар “халаас нэгтэй” нь гарцаагүй баримтууд ил болж, Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байхдаа “халаас нэгтэй” найз нартаа “ногоон гэрэл”-ээр зээл цохож өгөөд, хууль хяналтын байгууллагад шалгуулж байв. Ингээд ч зогсохгүй Г.Амартүвшингийн гаргаж өгсөн зээл Х.Ганхуяг, Г.Дамдинням нар УИХ-ын сонгуулийн хөрөнгө оруулалтыг “босгож” өгсөн ч байж болзошгүй гэж олон нийт хардаж байлаа.
“Вертевс майнинг партнер” ХХК-д хуурамч бичиг баримт ашиглан зээл гаргаж өгсөн ноцтой баримт ил болж эхэлсэнтэй зэрэгцэн Г.Амартүвшин УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгч, иргэний хувиар шалгуулахыг уриалж нэг хэсэг шударга дүрд тоглож байв. Харин УИХ-д Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарыг бүрэн эрхээс нь чөлөөлөх тухай санал орж ирснээс хойш тал талдаа сандралдаж, хууль хяналтын байгууллагын шалгалтаас “зугтаж” улсын хил давсан ч түүх бий. Гэсэн ч сүржин гэгч нь эхэлж, хууль хяналтын байгууллагын нэгжлэг, шалгалтаар үргэлжилсэн “халаас нэгтэй” андуудын хэрэг шийдвэр гаргах түвшинд “дуншсаар” өдий хүрэв.
Харин энэ удаад нэгэн цагт банкны барьцаанд “тавьж туухаа” алдсан компанид нь Хөгжлийн банкнаас хуурамч бичиг баримт үйлдээд ч болтугай “ногоон гэрэл”-ээр зээл гаргаж өгсөн Г.Амартүвшингээ жийж үлдээгээд, Х.Ганхуяг, Г.Дамдинням хоёр сонгуулиар нэр дэвшихээр зэхэж байгаа гэнэ.