Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүн санаачлан мэдүүлсэн юм.
Төсөлд малчин өрхүүд нь газар нутгийн онцлог, бэлчээрийн нөхцөл байдлаас хамаарч 20-иос доошгүй өрх нэгдэж, малчин өрхийн анхдагч холбоог байгуулахаар тусгасан. Анхдагч холбоо нь гишүүдийнхээ боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэдгээрт төрийн үйлчилгээг хүргэх, гэрээт бэлчээрийн газар, байгалийн нөөц зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, малын эрүүл мэнд, үржил ашиг шимийг дээшлүүлэх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, борлуулахад дэмжлэг үзүүлэх гэсэн дөрвөн үндсэн чиглэлийн үйл ажиллагаанд гишүүн, малчин өрхүүдийг зохион байгуулж оролцоно. Малчдын сайн дурын энэ холбоо нь ашгийн бус бөгөөд зөвхөн хөдөлмөрөө хорших замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн суурь болсон бэлчээр нутгаа хамгаалах, нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх аж.
Анхдагч холбоо нь гишүүдийнхээ мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг хоршоо, аж ахуйн нэгж, хөдөө аж ахуйн бирж зэрэг этгээдэд борлуулахад нь зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, хоршоо хөгжүүлэхэд хөшүүрэг, түлхэц болохоос гадна малчдын орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Малчдын малчны зээлийн хүүгийн 75 хувийг төрөөс дааж, зээл төлөлтийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гарсан ч орон нутагт хэрэгжихгүй байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун:
-Одоогоос арав хоногийн өмнө малчдын хагас жилийн зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулах гэрээнд Монголбанк, арилжааны банк, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар гарын үсэг зурсан. Тогтоолоор Хүнс хөдөө аж ахуйн яамны батлагдсан төсвөөс малчдын зээлийн хүүний 75 хувийг төлөх шийдвэр гаргасан. Гэхдээ хүсэлт гаргасан малчны хүсэлтийг харгалзан гэж тогтоолд дурдсан. Энэ дагуу манай яамнаас арилжааны банкинд хандан малчны зээлийн хүүнийхээ зөрүүг авах хүсэлт гаргасан малчдын мэдээллийг ирүүл гэсэн бичиг явуулсан. Манай яаманд өчигдрийн байдлаар 16 мянган малчны 170 тэрбумын хөнгөлөлт хүссэн бичиг ирсэн. Ирэх долоо хоногийн эхнээс хүсэлтийнх нь дагуу шилжүүлээд явна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээр санал хураалгав. Улмаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
С.ОДОНТУЯА: ТӨР ХУВИЙН ХЭВШЛЭЭ ҮЗЭН ЯДДАГ, ӨРСӨЛДДӨГ ЧИНЬ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ
Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан, ажлын хэсгээс оруулж ирсэн найруулгын чанартай санал хураах үед гишүүд дараах байр суурь илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Энэ хууль төр нь хувийн хэвшилтэйгээ дахиад өрсөлдөж байгаа хууль болж байгаа шүү. Хувийн хэвшлүүд баяжих гээд байна, хувийн хэвшлүүд ашиг олоод байна гэх. Тэд маш их татвар төлдөг, маш их ажлын байр бий болгодог. Эмийн үнийг буулгах гээд байгааг ойлгож байна. Үнэ буулгах гэсэн та нарын сайхан санааны ард дарга нарын авлига дээд цэгтээ тулна. Дарга нарын оруулж ирсэн эмээр өрхийн эмнэлэг үйлчилдэг болно, дарга нарын авч ирсэн чанаргүй эмээр Монгол Улс үйлчлүүлэх болчихоод байгаа шүү.
Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг, өрсөлддөг чинь хэрээс хэтэрлээ. Энэ хуулин дээр маш их асуудал гарна, авлига улам өснө гэдгийг анхааруулъя.
Эрүүл мэндийн даатгалд хамруулж байгаа эмийн үнийг тодорхой хэмжээгээр хөнгөлөх маш олон арга байгаа шүү. Дэлхийн бүх улс орон хэрэглээд болж байна. Заавал төр бүгдийг худалдан авна гээд дайраад байх юм. Зах зээлийн зарчмаасаа ухарч байгаа хууль шүү.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад хэн нь хэн бэ гэдэг нь одоо харагдаж эхэлж байна. Эрүүл мэндийн яам өөрөө компанийн ашиг сонирхлын төвлөрөл болчихсон, аалзны тор мэт энэ зах зээл мафижсан гэдгийг шинжээчид, хянан шалгагч нар баримтаар гаргаад ирсэн.
Зарим нэг компанийн төлөөлөл энд суучихаад аймаар юм ярьж байна шүү, болохгүй шүү дээ.
Утасдаад энийг унагаарай гээд. Өмнөх парламентаар Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хэлэлцэхэд яг ингэж яриад унагасан. Түүн шиг хуулийг унагах бодлого одоо явж байна.
Бид зөвхөн эмийн үнэ буулгах тухай яриагүй, эмийн чанарыг нэгдүгээрт тавьж байна. Эмийн лабораторио чанаржуулъя, энийгээ төр бодлогоор хяналтандаа аваад хувийн хэвшил гүйцэтгээд явъя. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эмийнхээ зах зээлийг бодлогоор бариад чанаржуулъя гэж байгаа. Одоо ямар ч хууль хэрэгжихгүй байгаа, хуулийн хугацаа дууссан байгаа.
Эздийн төлөөлөл сууж байгаа нь харагдаад байна, одоо боль. Эмийн 70, 80 хувь нь чанаргүй эмийн лаборатори ажиллахгүй байна. Энэ хуулийг батлах ёстой шүү.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үед та нар энэ саналаа хэлэх ёстой байсан. Санал хураалттай холбоогүй асуудлаар байр суурь илэрхийлж байна гэв.
Эцэст нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөлтэй холбоотой ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дууссанаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ