“Ногоон автобус”-ны хэргийн урьдчилан хэлэлцүүлэг ахин хойшлогдож ирэх сарын 17 товлогджээ

“Ногоон автобус”-ны хэргийн урьдчилан хэлэлцүүлэг ахин хойшлогдож ирэх сарын 17 товлогджээ

“Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал асан А.Ганхуяг, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр болохоор товлоод байсан.   

Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг яллагдагч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу ирэх сарын 17-ны өдөр хүртэл хойшиллоо. 

Нийслэлийн прокурорын газраас Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд