Цэцийн гишүүнд санал болгосон Р.Батрагчаа, Б.Болдбаатар гэж хэн бэ

Цэцийн гишүүнд санал болгосон Р.Батрагчаа, Б.Болдбаатар гэж хэн бэ

        Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Р.Батрагчаа, Б.Болдбаатар нарыг Цэцийн гишүүнээр томилуулахаар санал болголоо. Ингэснээр УИХ хэлэлцэн Цэцийн гишүүнээр дээрх хоёр хүнийг томилох юм.Одоогийн байдлаар Цэцийн есөн гишүүнээс Г.Туулхүү, Б.Буяндэлгэр, Ш.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод байгаа бөгөөд тэд нэг өдөр Цэцийн гишүүнээр томилогдож байсан билээ. Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг 2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж байсан бөгөөд энэ сарын 24-нд бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тиймээс Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарын оронд Р.Батрагчаа, Б.Болдбаатар нарыг санал болгож байгаа юм.Харин бүрэн эрхийн хугацаа дуусан Ш.Солонгыг УИХ-аас санал болгон томилуулсан учраас түүний дараагийн хүнийг УИХ санал болгох учиртай. Одоогийн байдлаар Цэц даргагүй байгаа учраас хамгийн ахмад гишүүн болох Ш.Солонго Цэцийн даргын үүргийг түр гүйцэтгэж байгаа билээ.Тэгвэл Ерөнхийлөгчийн Цэцийн гишүүнд санал болгосон Р.Батрагчаа, Б.Болдбаатар нарыг танилцуулж байна.

Б.Болдбаатар гэж хэн бэ

Б.Болдбаатар бол Ардчилсан намын угшилтай, 1989 онд Москвад оюутан байхаасаа Ардчилал намд анхнаасаа зүтгэж байсан нэгэн. УИХ дахь АН-ын зөвлөлийн болон бүлгийн Ажлын албаны даргаар тасралтгүй найман жил ажиллаж байсан.  Харин одоо тэрээр УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр ажилладаг байна.Б.Болдбаатар 1968 онд Улаанбаатарт төрсөн. 1992 онд Москва хотын Авто замын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн. Инженер, хуульч мэргэжилтэй.2004 оноос УИХ-д ажиллаж эхэлсэн бөгөөд УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн дэд дарга, УИХ дахь олонхын бүлгийн ажлын албаны дэд дарга, УИХ дахь АН-ын зөвлөлийн болон бүлгийн Ажлын албаны даргаар ажилласан. 2012 оны арваннэгдүгээр сард З.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан билээ.

Р.Батрагчаа гэж хэн бэ

Р.Батрагчаа нь Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх. Түүнийг 2024 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилсон бөгөөд тэрээр дөрөвхөн сарын дараа Цэцийн гишүүнээр томилогдохоор болов. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдохоос өмнө Р.Батрагчаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ. Үүнээс өмнө Эрчим хүчний яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад ШЕЗ-д очиж, тухайн үед энэ томилгоо нэлээд хэл ам дагуулж байсан билээ.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд