Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүн асан, “Монполимет" группийн ТУЗ-ийн дарга Ц.Гарамжавыг энэ сарын 27-28-нд шилжих шөнө АТГ-аас 48 цагийн хугацаатайгаар баривчилсан тухай бид мэдээлсэн.
Хөгжлийн банкны зээлийн мөнгөөрөө АНУ-д үл хөдлөх хөрөнгө авсан байж болзошгүй гэх асуудлаар шалгахаар түүнийг хуулийн байгууллагаас саатуулсан гэх мэдээлэл цацагдсан билээ.
Тэгвэл, албаны эх сурвалжийн мэдээллээр Ц.Гарамжавыг
- Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан
- Гадаадад мөнгө угаах замаар хөрөнгө босгосон
гэх асуудлуудад холбогдуулан шалгаж байгаа аж.
Түүний үүсгэн байгуулсан "Монполимет" компани "Монцемент" төслийг хэрэгжүүлэхдээ Хөгжлийн банкнаас 2014, 2015 онд нийт 65 сая ам.долларын буюу 126 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Түүний охин Н.Мөнхнасангийн хэлсэнээр энэхүү зээлээ 260.2 тэрбум төгрөг болгон эргэн төлж, бүрэн хаажээ.
Гэхдээ хуулийн байгууллага энэхүү зээлээ зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр шалгаж буй.
Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэрх шинжээчийн мэдээлэлд, "Зээлийн санхүүжилтээс 1 сая ам.долларыг бэлнээр авч, өмнөх зээлээ төлж, зориулалт бусаар зарцуулсан. 20 сая ам.долларыг хадгаламжид 1-2 сарын хугацаатай байршуулан, 192 мянган ам.долларын хүүгийн орлого олсон. Үүнээс гадна 40 мянган ам.долларыг бэлнээр авч, юунд зарцуулсан нь тогтоогдоогүй. 375 мянган ам.долларыг гүйцэтгэх захирал Н.Мөнхнасангийн хувийн данс руу шилжүүлсэн" гэж дурдагдсан билээ.
Энэ сард Ц.Гарамжавтай холбоотой хэд хэдэн үйл явдал өрнөсөн нь анхаарал татдаг.
2024.05.01-нд 20 хувь байсан импортын татварыг таван хувь болгох Засгийн газрын шийдвэр энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр үндэсний дөрвөн том үйлдвэрт том цохилт болсон. Үүнийг Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан эсэргүүцэн жиргэж байв.
2024.05.20-нд “Үнэн ба Зөв” намын Отгонбаатар Ц.Гарамжавын тухай мэдээлэл хийсэн. Хөгжлийн банкны зээлийн асуудлыг нь гэнэт сөхсөн билээ.
2024.05.21-нд Ц.Гарамжав цахим хуудсаараа дамжуулан лайв хийж, Хөгжлийн банкны зээлийн асуудлаараа хариу тайлбар хийж байв. Тэрбээр, зээлээ төлж дуусгасан, улс төрд орохгүй. Над руу гэнэт дайрч байгаа нь 10-р Богдтой холбоотой хэмээж байсан билээ.