Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. УИХ-аас Ц.Цолмонг, Ерөнхийлөгчөөс Р.Батрагчаа, Б.Болдбаатар нарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох саналыг хүргүүлсэн билээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Цэцийн гишүүдийн гуравны нэг нэг дор томилогдож байна. Цэцийн гишүүнээр аймгийн Ардчилсан намын дарга, хуульч биш хүн томилогдож байсан. Үүнтэй харьцуулахад мэргэжлийн хүмүүс томилогдож байна. Төвч, голч байх чанараа анхаараарай. Би Их хурлыг төлөөлж Цэцийн олон хуралд оролцлоо. Тэгэхэд урдаас харж байгаад хууль зөрчсөн шийдвэрүүд гаргаж байсан. Тиймээс та хэд Цэцийн гишүүнээр ажиллах хугацаанд парламентын ардчилсан тогтолцоо суларч болохгүй. Үндсэн хууль цаасан дээр бичигдсэн зүйл биш. Тиймээс үүнд үнэнч байгаасай.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Гурван нэр дэвшигч гурвуулаа туршлагатай хүмүүс байна. Цэцийн гишүүдэд сүүлийн үед олон багш томилсон. Түүнээс гадна улс төрийн болон хууль эрх зүй, шүүх засаглалын туршлагатай хүмүүс дутуу байсан. 2019 онд бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийсэн. Энэ өөрчлөлтийг амилуулах томоохон өөрчлөлтийг хийхэд анхаарч ажиллаарай.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Та бүхэн парламентын ардчиллыг бэхүүлэх чиглэлээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал дэмжих үү. Цэцийн гишүүд бол Үндсэн хуулиа хөгжүүлж, онолын хамгаалагч байх ёстой. Ийм агуулгыг та бүхэн дэмжиж байна уу.
Нэр дэвшигч Б.Болдбаатар: Үндсэн хууль бол тулгуур гол хууль. Нийгмийн харилцаа цаг үетэйгээ нийцэн өөрчлөгдөж байгаа. Хуулиуд ч цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж өөрчлөгдөж байх ёстой. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж байх ёстой гэж би хувьдаа үздэг. 2019 онд бүрэн өөрчлөлт хийж чадаагүй. Гүйцээж хийх шаардлага бий. Цэц бол зөвхөн Үндсэн хуулийг хамгаалах хяналтын чиг үүрэг хэрэгжүүлэхээс гадна Үндсэн хуулийг сурталчлах, биелэлтийг хангах талаар зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй байх ёстой гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Нэр дэвшээд орж ирж байгаа гурван хүнийг дэмжиж байна.
Сүүлийн үед Цэцийн гишүүд ёс зүйгүй болж байна. Бие биеийнхээ бичлэгийг цацдаг гэх мэт улстөрчдийн бохир технологи руу орж байгаа нь гутамшигтай. Тиймээс ёс зүйг хатуу сахимаар байна.
Цэцтэй холбоотой асуудал дээр энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэсэн бодол байна уу.
Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх гурван нэр дэвшигчийг Цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ.