"Төгс-Орд капитал" гэх компани иргэдээс 4.5 тэрбум төгрөг луйвардсан талаар хохирсон иргэд мэдээлэл хийлээ

"Төгс-Орд капитал" гэх компани хуурамч бичиг баримт бүрдүүлэн иргэдийг хууран мэхэлж 4.5 тэрбум төгрөг луйвардсан талаар хохирсон иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тус компанийн "Tok Town" хотхонд захиалга өгсөн хэдий ч байрандаа хугацаандаа орж чадаагүй байна. Уг нь дээрх иргэдийн захиалсан байр өнгөрсөн оны есдүгээр сараас 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох ёстой байжээ. 

Компани иргэдтэй 100 хувийн бэлэн төлөлт, хувь лизинг болон бартерын гэсэн гурван төрлийн гэрээг хийсэн ба одоогийн байдлаар 100 хувийн төлөлттэй 89 хүн байгаа аж. Түүнчлэн уг компани нь одоо ч захиалгаа авсаар байгаа нь хохирогчдын тоог цаашид хэд болгож өсгөхийг мэдэхгүй байна гэж хохирсон иргэд хэлж байв. 

Хохирогч иргэд "Tok town-н захирал н.Цэдэвсүрэн уулзахгүй зугтааж явсаар нэг удаа бидэнтэй уулзахдаа "Барилгын үйл ажиллагаа ийм удаашралтай байдаг. Та нар чаддаг юм бол хууль, шүүхээрээ яваад мөнгөө олж аваарай. Би найман хуульчтай. Ингэх тусам чинь ажлаа удаашруулмаар санагдах юм" гэж хэлсэн. 

Нийтдээ 89 хүний 4.5 тэрбум төгрөг хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна. "Одоо манай компани мөнгөгүй. Иймд барилга баригдаж дуустал хүлээ. Эсвэл компанид хөрөнгө оруулагч орж ирвэл та нарын хохирлыг барагдуулна" гэж байгаа ч бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Барилгын залилан хийж байгаа компаниудын эсрэг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, Барилгын сайд Ц.Даваасүрэн хамтарч хууль баталж, ажлын хэсэг байгуулж яагаад болохгүй байгаа талаар асуумаар байна" гэв. 

Мөн "Барилгын компаниудын луйвраас болж хохирсон, гудамжинд гарахдаа тулсан маш олон иргэн бий. Өлсгөлөн зарлаж, гэр бүл салж, хөгшин настай хүмүүс байраа хүлээгээд чадалгүй нас барж байна" гэдгийг хохирогчид онцолж байв. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд