ЦЕГ: Аялал жуулчлалын улиралд нисэх буудалд алба хаагчид ажиллана

ЦЕГ: Аялал жуулчлалын улиралд нисэх буудалд алба хаагчид ажиллана

Галт зэвсэг, үнэрч нохой хөтөлсөн цагдаагийн алба хаагчид нисэх онгоцны буудал болон галт тэрэгний буудлууд дээр ажиллаж эхлээд байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалахаас илүү олон нийтийг айдаст автуулж байна гэдгийг нийгмийн сүлжээнд шүүмжилж байгаа юм. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, зуны улиралд аялал жуулчлал нэмэгдэж байгаатай холбоотой авсан арга хэмжээ гэв.

Дэлхийн аль ч улс оронд тусгай хүчний байгууллага олон улсын нисэх буудал, галт тэрэгний буудлуудад үүрэг гүйцэтгэдэг. Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд мэдээ мэдээлэл, зөвлөмж хүргэх, аюулгүй байдлыг хангаж хэв журам сахиулах зорилгоор Иргэний нисэх болон төмөр замын өртөө буудал орчимд бүлгийн эргүүл ажиллуулж эхэлсэн.

Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсээс нэг ээлжид дөрвөн алба хаагч өдөр бүр бүлгийн эргүүл хийж байна. Алба хаагчид биедээ авч яваа буу нь галт зэвсэг биш, олон нийтийн дунд хэрэглэх зориулалттай гэв.

Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс нь “Чингис хаан”, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажилладаг.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд