Хүйс толгойн бичиг болон Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэрийг  ЮНЕСКО-д бүртгүүлжээ

Хүйс толгойн бичиг болон Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэрийг ЮНЕСКО-д бүртгүүлжээ

ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит 221 дүгээр чуулган дөрөвдүгээр сарын 2-17-ны өдрүүдэд хуралдаж өндөрлөсөн билээ.

Энэ удаагийн чуулганы хуралдаанаар олон чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргасан бөгөөд ЮНЕСКО-ийн стратеги, хүний нөөц, төсөв санхүү, хөтөлбөрийн асуудлуудыг хэлэлцсэн юм.

Зөрчилтэй бүс нутгууд болох Украин, Газын зурвас, Ливан, Судан, Сири дэх ЮНЕСКО-ийн мандатын хүрээний асуудлууд, НҮБ-ын харъяа Палестин дахь дүрвэгсдэд туслах байгууллагын (UNRWA) боловсролын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Тус чуулганы үеэр Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Олон улсын зөвлөх хорооны үнэлгээний үр дүнд бүртгэхийг санал болгосон 74 баримтат өвийг “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн жагсаалтад шинээр бүртгэсэн бөгөөд үүнд манай улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс нэр дэвшүүлсэн эртний монгол хэл бичгийн дурсгал болох Хүйс толгойн бичиг болон Монголын Анагаах ухааны академийн нэр дэвшүүлсэн Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэрийг баримтат өвийн дэлхийн бүртгэлд бүртгэж баталгаажуулсан талаар Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд