НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ НОЁН ЯКОВ ВАН ХИЕРДЭН-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ НОЁН ЯКОВ ВАН ХИЕРДЭН-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Өнөөдөр \2025.04.24\ Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яков Ван Хиердэн-ийг хүлээн авч уулзан, цаг үеийн асуудлаар санал солилцлоо.

Ноён Яков Ван Хиердэн нь 2021 оноос хойш Микронез дахь Номхон далайн хойд бүсийг хариуцсан суурин төлөөлөгчөөр ажилласан бол 2025 оноос эхлэн Монгол Улсад НҮБ-ын суурин зохицуулагчаар томилогдон ажиллаж байна. Миний бие Монгол улсын Шадар сайдын хувьд Азийн улс орнуудад ажиллаж байсан туршлагатай, бүс нутгийн нөхцөл байдлыг сайн мэддэг хүн, манай улсад томилогдон ажиллах болсон нь, цаашдын хамтын ажиллагаанд том дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн энэхүү уулзалтаар хамтарсан Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслийн талаар болон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд чиглэсэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлын талаар ярилцаж, санал солилцлоо.

Манай улс дэлхий дахины олон талт хамтын ажиллагааны гол байгууллага болох НҮБ-д 1961 онд элсэн бөгөөд үүнээс хойш 60 гаруй жилийн хугацаанд НҮБ-ын Монгол дахь салбарын үйл ажиллагааг ямагт дэмжиж, хувь нэмрээ оруулж ирсэн билээ.

НҮБ-ын суурин зохицуулагч Ноён Яков Ван Хиердэн Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжил дэвшилд нөлөөлөхүйц олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, бүх талаар дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

НҮБ бол Монгол Улсын Төрийн бодлогыг тууштай дэмжиж ирсэн манай чухал түнш юм. Тодруулбал НҮБ-аас манай улсад хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” “Бүсчилсэн хөгжлийн бодлого” болон салбарын бусад бодлого, төлөвлөгөөтэй уялдсан байдаг. Дээрх баримт бичгийн хүрээнд НҮБ манай улсад “Хүний хөгжил, сайн сайхан байдал”, Ногоон хүртээмжтэй, тогтвортой өсөлт”, “Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрх” гэсэн 3 үндсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Түүнчлэн НҮБ нь Онцгой байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллаж, манай улсад тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийг даван туулахад хамгийн түрүүнд халуун сэтгэлээ дэвсэн, тусламжийн гараа сунгадаг итгэлт түнш юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд