О.Алтангэрэл: С.Бямбацогт сайдын хийж байгаа нэвтрүүлгийг сэтгүүлзүйн бүтээл гэж үзэхгүй

О.Алтангэрэл: С.Бямбацогт сайдын хийж байгаа нэвтрүүлгийг сэтгүүлзүйн бүтээл гэж үзэхгүй

Хуваалцах Жиргэх

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг Засгийн газар нэгдүгээр сарын 24-нд өргөн мэдүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн удирдлагын байгууллагатай болох уу. Сэтгүүлч хариуцлага хүлээдэг механизм бас их төвөгтэй байгаа. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль гэхээс илүү ёс зүйн асуудал чухал байгаа. Ёс зүйн хариуцлагаа хэрхэн тусгасан бэ. Энэ хуулийг хэтэрхий институтын шинжтэй болгоод оруулаад ирлээ. Зохион байгуулалт байгууллагын шинжтэй болгосон бэ.

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Хуулийн төслөөр сэтгүүлчдийн дунд дөрвөн удаа хэлэлцүүлэг хийсэн. Үүнээс аль байгууллага нь том болох гэж байгаа, аль байгууллагыг зохицуулах гэж байгаа гэдэг байр сууриуд нь их өөр байдаг юм билээ. Эрх зүйн зохицуулалтын үндсийг тавьчихъя гэж байгаа юм. Цаашдаа салбарын хөгжлөөрөө улам сайжраад төлөвшөөд явна гэж үзээд байгууллагатай байж болно гэсэн ерөнхий заалт оруулж байгаа.

Сэтгүүлчийн ёс зүйн асуудлаар редакц болон мэргэжлийн байгууллагад хандаж болно гэж нээж өгсөн. Цаашид шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа. Байгууллагын нэр хүндтэй холбоотой асуудал бол чухал зүйл.

Төрийн байгууллага төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд өөрийн үйл ажиллагааг сурталчлуулах бол сонгон шалгаруулж гэрээ байгуулна. Өөрөөр хэлбэл, тендер зарлана.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Хэвлэл мэдээллийн салбарын зовлон, жаргалыг 28 жил үүрч, дүүрч явсан хүн байна. Хүн гүтгэх гэдэг хувь сэтгүүлчийн өөрийн ёсзүйгээр тодорхойлогддог. Үүнийг нээлттэй мэдээллээр зохицуулж өгдөг юм билээ. Швед улс дэлхийд хамгийн алдартай Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай. Үндэсний аюулгүй байдал, төрийн онцгой нууц нь хаалттай. Бусад нь бүгд нээлттэй. Мэдээлэл хэдий чинээ нээлтэй байна, сэтгүүлчийн гүтгэх эрх чөлөө хаагддаг юм. Гэтэл бид энд еэвэнгийн хоёр тал шиг зүйл дээр маргаад байна.

Өөрөө дампуурах эрх чөлөөг нь хэвлэл мэдээллийнхэнд өгөх ёстой. Дампуурах эрх чөлөө нь өөрсдөд нь байх ёстой. Би гурван байгууллага дампууруулсан. Тэгэхээр би хэвлэлийн эрх чөлөөг хангалттай эдэлсэн хүн. Буруу болоод олигтой юм хийхгүй бол дампуурдаг. Нэг бол эрх баригчидтай үзэлцэх юм бол дампуурдаг, хаагддаг.

Сэтгүүлчдийн олон жилийн мөрөөдөл эх сурвалжаа нууцлах. Энэ хуулийн төсөлд орсон нь их сайн. Буруу юм бас байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакц гэж юу юм бэ. Татвар төлдөг байх ёстой. Түүнээс камертай, хэдэн компьютертой, бичлэг эвлүүлдэг, тасалдаг хүмүүс нийлж суухыг хэлэхгүй. Татвар төлж хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Татвар төлдөггүй газрууд олон бий. Би бол маш их татвар төлсөн.

Хүн гүтгэсэн гэж ял сонсож үзээгүй сэтгүүлч хүний хувьд хэлэхэд энэ хуулийг дахиж сайн базаж, янзалмаар байна” гэв.

 

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: С.Бямбацогт сайдын хийж байгаа нэвтрүүлгийг сэтгүүлзүйн бүтээл гэж үзэхгүй. Редакцтайгаар хариуцлагатайгаар сэтгүүлзүйн бүтээл хийж байгаа бол энэ хуулийн хүрээнд хамгаалагдана. Хувь хүн өөрөө контент хийж байгаа бол энэ хуулиар хамгаалагдахгүй.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

 

 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд