Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж шинэчлэнэ.
Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамжны нийтийн эзэмшил, явган хүний зам талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэнэ. Ажил гүйцэтгэх гэрээг есөн багц ажилд байгуулсан бөгөөд нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 59.6 километр явган замыг байгалийн чулуугаар шинэчлэхээр болж, уг ажлыг гүйцэтгэх тендерт есөн компани шалгарчээ.
Тодруулбал, 15 байршлын явган замын хавтанг нийслэлийн төсвийн хөрөнгөөр байгалийн чулуун гадаргуутай болгох юм байна. Энэ онд нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтод ₮32 тэрбумыг нийслэлийн төсвөөс зарцуулахаар баталжээ.
Яагаад жил бүр явган хүний зам болон байгалийн чулуун хавтанг өөрчилж, шинэчилдэг талаар НЗДТГ-аас тодруулахад, "Барзгар, халтирахгүй гадаргуутай чулуугаар хийсэн явган зам нь бат бэх, насжилт урт байдаг бол хавтан нь хөдөлж эвдрэл их гардаг бөгөөд нийслэлийн хэмжээнд 66 мянга орчим ам метр гөлгөр гадаргуутай явган зам байгаа. Тиймээс солих, шинэчлэх ажлыг гүйцэтгэх шаардлагатай болдог" гэлээ.
Шинэчлэх шаардлагатай явган замын талаар Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодруулахад, “Энэ жилийн явган замын ажлын онцлог нь газар дээгүүр ил гарсан кабелууд байхгүй. Кабелуудыг дан газар доогуур системээр явуулна. Үүнд, хугацаа их орж байгаа. Мөн авто замын нэгдүгээр эгнээ дагуух гол гудамж, замын карма зогсоолуудыг явган зам, ногоон байгууламжтай болгож засварлахаар төлөвлөж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын төв зам дагуух зогсоолууд сэлгэлтгүй буюу буцаж ухарч гардаг учраас нэгдүгээр эгнээнд саад болдог. Тиймээс явган замыг өргөн чөлөөтэй болгож, стандартын дагуу засаж, шинэчилнэ. Явган замаар зөвхөн хүмүүс зорчиж, зам дээр ямар нэг аж ахуйн нэгж, байгууллагын өмч байх ёсгүй. Явган замын өргөн чөлөөний хэсэгт авто зам, ногоон байгууламж, явган зам багтана” гэлээ.